2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - VIII

Гүнж ахай дөхөж очоод хаан эзний амрыг эрэн хүндлэж ёслоод ширээнд суулаа. Цаасан цонхны цаанаас нарны туяа бүдэгхэн тусах бөгөөд өргөө орд багахан харанхуй байх аж. Гоё модон ширээн дээр хятад шатар тавиастай байх агаад мөн урт нарийн улаан өнгөтэй лааг асааж тавьсан байх ажээ. Удалгүй нэгэн тайган халуун цайг ширээнд барив.

- Ухаан билгийг шалгах сайхан тоглоом бий. Энэ бол шатар. Хан ама (манжаар Хаан аав) би гүнж охинтойгоо шатар нүүж ухааныг чинь  сорих болно. Охин ялвал чи надад нэг хүслээ хэл. Харин ялагдвал ... гэж Энх Амгалан хаан хэлснээ халуун аягатай цайны тагыг нээн үнэрлээд цайгаа хүртэв. Гүнжийн сэтгэл бага зэрэг түгшиж "Ялагдвал харьд одох нь дээ" гэж бодох ахул хаан эцэг нь цааш үргэлжлүүлэн
- Харин ялагдвал Гүнж чамаас чухаг асуултууд асуух болно гэж хэлэв. Гүнж жаахан тайвширав. Тэгээд тэрхүү шалгуурыг тоглоом тоглохтой эгээ адил хэмээн төсөөлхийг оролдлоо. Яг л эмэг эхтэйгээ тоглож байсан тэр үе шиг гэж гүнж дотроо сэтгээд ширээн дээр тавьсан цайг аваад хэд ойчиллоо.

Шатар нүүж эхлэв. Хаан эзэн шатрын нүүдэл бүрийг төлөвлөн буй бололтой сахлаа хөнгөн имрэх бөгөөд гүнжийн байгаа байдлыг удаанаан ширтэн ажиглана. Харин гүнж машид тайвнаар нүүдлээ үргэжлүүлэх бөгөөд хаан эцгийнхээ царай руу үе үе харах ажээ.

Нийт хорин долоо нүүдэл ээлж дараалан нүүгээд байтал хаан:
- Шатар нүүлгэх эрдмийг хэнээс ийм сайн сурсан юм дээ гэж ихэд сонирхон асуухад гүнж нүүдлээ хийнгээ
- Богд элэнц эмэг эхээс сурсан хэмээгээд толгойгоо гудайлгав. Гүнжийн царайнд үл ялиг гуниг тодорчээ. Яагаад ч юм тэрхүү цас бударсан шөнө өчигдөрхөн юм шиг санагдана. Хаан эзэн өгүүлрүүн:
- Хаан би ч хатан эмэг эхээсээ сурсан. Аав охин хоёул нэгэн багшын шавиуд юм хэмээгээд аажуухан инээлээ. Тэгснээ дууны өнгө бага зэрэг өөрчлөгдөж, хоолойгоо засаад
- Охин чамайг эмэг эх хажуудаа хоёр жил байлгасан. Тэр хугацаанд их зүйлийг заажээ дээ. Яг л надад заасан бүхнээ чамд заасан юм шиг санагдлаа гэж хэлээд уртаар санаа алдлаа.

Гүнж дотроо "Тийм ээ, эмэг минь надад олон зүйлийг зааж сургасан" гэж шивнээд хаан аавынхаа урдаас толгой дохиж "Тийм ээ" гэсэн ганцхан үгээр хариу барьлаа. Асуулт нүүдэл үргэлжилсэн тэрхүү тоглоом ганцхан цаг үргэлжлээд гүнжийн ялалтаар төгсөв.  Ухаан билэг төгсөрсөн, уужуу тайван байгаа байдлаар нь хаан эзэн ихэд бахархжээ.  "Эрдэмүнггэ сарган жүи" гэж бодоод ихэд баясангуйгуур:

- Хаан ааваасаа юу хүсмээр байна гэж хэлээд охин түүн рүү бахдал дүүрэн нүдээр ажиглав. Гүнж олон юм бодсонгүй шууд:
- Би эмэг эхийнхээ онгон дээр очиж, ачлахуйн ёс үйлдмээр байна гэлээ. Энх Амгалан хааны царай хувирч, нэлээд нухацтайгаар гүнжийг хараад
- Хааны олон охид торго дурдан, алт мөнгө, шүр сувд хүсдэг атал охин чиний хүсэл олноос онцгой юм. Хаан би нэгэнт амласан тул ёсоор болгоно. Гэхдээ чамаас би хоёр дахь даалгаврынхаа хариултыг сонсон байж гэмээн энэхүү амлалтаа бүрнээ зөвшөөрнө гэж хэллээ. Гүнж дахин даалгавартай учирна гэж санаагүй учир бага зэрэг балмагдсан авч машид тайвнаар
- Хан ама ёсоор болгогтун гэж хэлэв. Хаан сахлаа имэрч хэсэг дуугүй сууж байснаа:
- Хүүхэн хүний жам бол хүний гэргий болох явдал юм. Бусад гүнж нар хаан аавынхаа зарлигыг тосож Монгол, Жусон, Сиам улсын хан, ноёдод хатан болж бэрлэхээр одсон. Энэ нь төр улсдаа зүтгэхийн тулд юм. Чи алтан төр улс, ариун угсааныхаа төлөө эр нөхөр, амь биеэ золионд гаргаж чадах уу гэж хэлэхэд гүнжинд тэртээ алсад эмэг эхийнх захиж хэлсэн үгс дахин сонсогдох шиг боллоо. Эмэг эхийнхээ үгсийг сэтгэлдээ шүншиглэлээ. Хаан хариултаа хүлээх мэт гүнжийг удаанаар ажиглан байв. Гүнж нүдээ анин хэсэн чимээгүй суув. Тэгээд мэлмийгээ нээн өгүүлрүүн:
- Хатан хүнд чухаг гурван эрдэнэ буй. Эхэнд алтан төр, удаахад ариун нэр, эцэст аваал нөхөр. Гүнж би төр улсдаа хүчин өргөх боломж олдох аваас алтан төрдөө үнэнчээр зүтгэж, ариун нэр, алтан угсаагаа өндөрт өргөж, авааль нөхөртөө шударгыг үйлдэх болно хэмээн өчөхөд мэргэн харваачын сум холын байг яг оносон мэт хааны сэтгэлд энэхүү үг ихэд хүрэв. Гүнж харин энэхэн үгсээ хэлж асан эмэг эхдээ ихэд талархан суулаа. Хааны сэтгэл ихэд ханасан байдалтай:
- Тутту арамби очи, хан ама и гүнгжү сини дэрэнггэ элдэнггэ бэ вэхэ дэ полочи ачамби (Тийнхүү хийж чадваас хаан эцгийн гүнж чиний алдар гавьяаг чулуунд мөнхөлж алдаршуулья) гэж хэлээд алгаа ташиж тайганг дуудаад
- Хаан эцгийн хишиг болгож Хайранжү гүнжид хоёр авдар торго, нэжгээд будаа, таван шивигчинг бэлэг болгон соёрхов. Мөн Богд хатны онгон руу сүйх залж гүнжийг хүргэхтүн хэмээлээ. Гүнж хаан эцгийн хишиг хайранд талархаж мөргөв. Тэгээд "Энэ өдөр харьд мордохгүй нь. Юутай их зол вэ" гэж дотроо ихэд баярлан бодож байтал түүнийг явж болно хэмээн хааныг хэлэхэд гүнж ахай Шүй Юань Хуа ордон руугаа буцав.

Хаан эзэн гүнж ахайг холоос ажиглан "Эмэг эх та түүнийг ийм ухаантай болгох гэж л тийм их эрдмийг сургасан юм гэж үү" гэж бодоод Энэрэн нигүүлсэгч ордон рүү очихоор зэхлээ.

✧ ✧ ✧

Гүнж ахай Шүй Юань Хуа ордондоо хүрч очвол амтат хоолны сайхан үнэр тааламжтай нь аргагүй үнэртэж, их асарын тэндээс охидын дуу ихэд чимээтэй сонсогдох авай. Их асарт орвол гурван бяцхан дүү нар нь ширээ тойрон суусан байх агаад Жүнмэй гүнж түүнийг ихэд баяртай хүлээж авлаа. Тэр л өдөр хамгийн сайхан гэлтэй, гүнж бүрийн зүрхэнд дотноор хоногшин үлджээ.

Хэдэн сараар үргэлжилсэн хааны шалгуурын үр дүнд Шүй Юань Хуа өргөөнд хамтдаа амьдран суусан таван гүнж бие биедээ ихэд дасжээ. Биеэр шалгах өдрүүд дуусаж зүг зүгийн өргөө рүү яваар одох тэр л мөч хамгийн хэцүү байлаа. Ялангуяа найман настай бяцхан гүнжид маш хэцүү байсан агаад тэр л өдрийн турш нулисмс дүүрэн нүдтэй байв. Гэвч нэгэнт тогтоогдсон зарлиг тушаал дуусгавар болж тус тусын өргөө рүү явах ёстой учир хэрхэх билээ. Гүнж бүрийн аньсга нь чийгтэй хэвээр өөр өөрсдийн хатан эхийнхээ орд рүү явцгаалаа.

Улаан зандан модоор урлаж, дээрээ далавчаа дэлгэж буй мэт гардийн сийлбэртэй гоё сүйхэнд гүнж суугаад Энэрэн Нигүүлсэгч ордон руугаа явлаа. Хааны хишиг болгож хүртээсэн хоёр авдар торго, нэжгээд будааг хэдэн тайган дамнуурга дээр тэгнэн хойноос нь дагах бүлгээ. Өргөөнд дөхөж ойртоход хатан эх нь юун хүмүүс ирж буйг ажиглан дааман хаалган дээр зогсон байх бөгөөд сүйхийг өргөн явж буй ахлах тайган "Гүнж ахай өргөөнд заларч байна" гэж хэлсэн дууг сонсоод ихэд баярлан цай унд, боов амттан бэлтгүүлэв. Гүнж тайган нарыг зогсоож, сүйхнээсээ гарч хатан эхдээ очиж тэврүүлэн, хацар дээр үнэслүүлэв. Тэгээд авдар тэгнэн явж буй тайган нарыг дуудаж хааны аавын соёрхсон бэлэг сэлтийг ижийдээ харуулаад:
- Хаан аав надад хишиг болгож хүртээсэн юм. Энэ бүхнийг хатан ижий тандаа барья гэж хэлэхэд хатан инээвхийлэн охиноо энгэр чээжиндээ тэврээд
- Жүсэ банжиха дэ тэни эмэи кэси бэ самби (Өсгөсөн үр ижий аавын ачыг мэднэ) хэмээгээд охиноо дагуулан өргөөндөө мориллоо.

Намрын улирал эртнээс л амар амгалан, анир чимээгүйг хослуулан байх нь ихэд сайхан. Зөөлөн салхи мододын навчисыг мөчрөөс нь сугалан хийсгэхэд шарлаж хөгширсөн навчис хөх тэнгэрийн өнгөтэй сүлэлдэн гайхамшигт өнгөөр өргөн хорвоог чимнэ. Хатан эхийн өргөө орд дахин дуу шуу авалцан, үе үе хөхрөлдөх чимээ сонсогдох нь их жаргалантай байх ажгуу.

✧ ✧ ✧

Гүнж ахай албат шивигчин, хамгаалалтын цэрэг нийлсэн их хүрээ хүмүүс Бэйжин хотоос гарч манж хэлээр Дэгри Эгри Мунгган, нангиад хэлээр Чин Дун Линь хэмээх газрыг зүглэн явна. Энэ газар нь Манж Чин Гүрний Айсин Гиоро овогтон буюу хааны ургийн хүмүүсийг оршуулдаг онгон газар билээ.  Тэр л газарт гүнж ахай хүндлэн биширдэг эмэг эхийг нь хайртай хүү Фү Линых нь хажууд онголж залсан болой.

"Хаан эцгийн зарлиг тосож аваад шалгуурыг сайн давсан. Харин эмэг эхийн өгсөн баадантай зүйлийг хэрхэх билээ" гэж гүнж бодов. Гэвч нээх  цаг нь болоогүй юм шиг гүнжид үе үе санагдах бөгөөд хоёр дахь зарлигаа тоссоныхоо дараа нээж үзье гэж шийдлээ. Уул хад, дов толгодыг туулж, гол горхи, урсгал мөрнийг гаталсаар зорьсон газартаа бүтэн хоногын дараа  санасанчлан хүрэв.  Дэгри Эгри Мунгган онгоны том улаан дааман хаалганд тулж очоод дагуул тайган торгон цэргийн жанжинд хааны алтан пайзыг үзүүлэв. Жанжин пайзыг ихэд чухалчлан ажиглаж байгаад нэвтрэн орох зөвшөөрлийн зарлиг бичиг байгаа эсэхийг асуухад гүнж ахай сүйхнээсээ буун гартаа барьсан алтан торгон хуйлаасан зарлигийг торгон цэргийн жанжинд өглөө. Тэрээр зарлигийн бичгийг нэг нэгэнгүй уншиж бараад:
- Эрхэм гүнж минь морилж болно. Мөхөс би танд замчилье гэж хэлэв. Гүнж шадар шивигчин, тайлгын идээ будаа бариулсан хоёр тайганыг дагуулсаар онгон өөд явлаа. Харин бусад бараа бологчидоо дааман хаалганы гадна үлдээжээ.
Жанжин тэднийг замчлан явсаар онгоны Том Улаан дааман хаалганы зүүнтэйд орших Жао Ши Лин гэж ханз болон манж бичгээр бичээстэй чулуун хаалганд тулж ирэв. Уг газар эргэн тойрондоо ой шугуйгаар хүрээлэгдсэн агаад чулуун хаалганаас цаашаа нарны туяа бага тусах ногоон шугуй үзэгдэх авай. Тэгээд жанжин гүнжийн өмнө мэхийн ёслоод:
- Мөхөс жанжин би үүнээс илүү явж болохгүй. Эдгээр тайган, шивигчид ч чулуун хаалгыг давж болохгүй. Та чулуун хаалганы том хонхыг цохиж онгоны санваартанг гарч ирхийг хүлээх хэрэгтэй гэж хэлээд боржин чулуугаар хийсэн том чулуун хаалганы тотгоноос унжуулсан хүрэл хонх руу заалаа.
Гүнж хариу толгой дохиж ойлгосноо илтгээд чулуун хаалга руу дохиж очин хонхыг цохиход нүсэр их чимээ эргэн тойронд тархав. Хэдэн хором хүлээж байтал нэгэн настай санваартан луус унан хүрч ирлээ. Гүнж санваартантай уулзаж учир явдлаа хэлэв. Тэгээд тэрхүү санваартан тайлгын зүйлсийг л авч явж болно гэж хэлээд гүнжийг дагуулан бүүдгэр ногоон шугуй дотор орсоор төд удалгүй ногоон өнгөнд уусан алга боллоо.

Нэг бүтэн газар алхав. Шугуйн цоорхойд гэгээ үзэгдсэн агаад гүнж алхаагаа хурдасган цоорхойд яаравчлан хүрвээс нэгэн чулуу хөшөө байх агаад түүн дээр "Түмэн наст, амарлингуй агаад хичээнгүй, төгс төгөлдөр богд хатан Шиао Жуань эх дагина" хэмээн бичсэн байлаа. Чулуу хөшөөний цаахан талд есөн улаан багана, шаргал дээвэртэй нангиад маягын гоёмсог байшин байв. Санваартан гүнжид хандан:
- Энэхүү байшин бол Богд Хатны онгон. Гэхдээ гүнж та түүн рүү нэвтэрч болохгүй. Харин байшингийн хаш чулуун шатан дээр тайлгын идээ будаагаа тавиад миний өгөх асаасан хүжээр залбирал үйлдэнэ үү гэж хэлэв. Гүнж ахай "За" хэмээгээд тайлгын зүйлсийг луусын нуруун дээрээс буулган хаш чулуун шат руу дөхөж очив. Тэгээд тайлгын идээг засахад нь санваартан тусалж байгаад багц хүж авчирхаар явлаа.
Анир чимээгүй, нам гүм ой шугуйн цоорхойд бариулсан их хатан эмэг эхийн онго өргөө. Ойн цоорхойд хааяахан салхи зөөлнөөр салхилан, ялам модны навчис найгуулах агаад найгах тоолонд амар амгаланг өгөх мэт сонсголонтой сайхан ширчигнэх чимээ сонсогдоно. Гүнж тайлгын идээний өмнө зогсон санваартан ирхийг нь хүлээсээр л...
Эмэг эхийнх нь хэлж сургадаг байсан алив зүйлс амьдралынх нь мөч бүхэнд дэндүү ихээр хэрэг болж, тэр бүрийг ажиглах бүртээ эмэг эхээ их санах ажгуу. Хайрын зөөлөн гараар Хайранжү охиноо ихэд энхрийлэн өсгөж, Хамгаас үнэтэй чухаг үгсээ хүүхэн түүндээ л хэлсэн тэр л хөгшин хатан эхийгээ гүнж өр зүрхнээсээ маш ихээр санаж байв.

Санваартан хүрч ирээд асаасан багц хүжийг гүнжид барив. Тэгээд тэр хагас бөхийж хүндлээд буцаад явав. Харин гүнж дахин ганцаар үлдлээ. Бөхөрч суугаад багц хүжийг гартаа атган духандаа хүргэж, чээжин тушаа газарт аваачаад залбирч эхлэв. Эмэг эхийнх нь зааж өгсөн цорын ганц мааниа гүнж ахай амандаа бувтнах бөгөөд хэнхдэг чээж рүү хачин сонин гашуун мэдрэмж урсан орох шиг болоход алаг нүднээс нь нулимс асгарлаа. Тэр л онго өргөөний сүрлэг байдал эмэг эхийнх нь амьд ахуйн сүрлэг байдалтай эгэлгүй адилхан санагдах ба яг л хажуунд зогсоод охин түүнийхээ толгойг илж байх шиг санагдах ажгуу.

Хүжийн гал унтарч, мандах наран доошлон, илч гэгээ ойн цоорхойнд үл тусах хүртэл гүнж ахай бөхрөн суусаар байв. Гэвч тэр өндийн бослоо. Манж дээлээ янзалж, биеэ засаад онго өргөө рүү харж байгаад:
"Дотоод ордны ёсыг дагаж, төр улсдаа зүтгэхийн хажуугаар эр нөхрийн удмын ёсыг дээдэлж, үр хүүхдээ сайн эхийн хишиг буянаар хичээнгүйлэн өсгөнө. Охин би эмэг таныхаа ачыг хэзээ ч марталгүй, үр хүүхэддээ тэр л сургаалыг нь заах болно. Эмэг хатан тандаа маш их баярлалаа" гэж хэлээд дал нуруугаа онго өргөө рүү харуулалгүйгээр хойшоо алхаж ногоон шугуй руу оров. Эмэг эхийнхээ онгон руу сүүлчийн удаа харахад дахиж ирж чадахгүй юм шиг зөн сэтгэлд нь төрөх ахул бөхөрч унан дахин мөргөөд чулуу дааман хаалга руу зүглэлээ.

No comments:

Post a Comment