Өглөөний цэвэр агаарт алхах нь тун таатай бөгөөд үе үе жиргэх бор шувуухайн дуу тайвшралыг авчирна. Өргөөнд хүрч очвол хатан эх аль хэдийн босоод цай бэлдэж өөрөө суудалдаа суусан байх бөгөөд гүнж эхдээ очиж өглөөний мэндийг нь мэдэв. Тэгээд ширээнд суугаад цайлж эхэллээ.
Хамар цоргисон ногоон цайг хатан эх нь ууж суухад гүнж аагьтай сайхан сүүтэй цайг оочилно.
- Өнөөдөр юу хийж өнгөрөөх гэж байна? хэмээн хатан асуухад
- Хэд хоногын өмнө шаглаж эхэлсэн уран хатгамалаа дуусгана даа хэмээн гүнж хариулаад "Харин та юу хийх вэ" гэж хариу мэдэн асуув. Хатан ногоон цайгаа ширээн дээр тавиад,
- Ижий нь өнөөдөр Бор Ордноос гарч нэгэн чухал газар очно. Чамайг дагуулж явах санаатай. Шаглаж урлах зүйлсээ аваад явья. Явах замдаа хамжаад дуусгачихье гэж хэлээд охин руугаа харлаа. Гүнж ч үнэнхүү явах хүсэлтэй байгаа бололтой харцаараа инээлээ.
"Эзэн Хааны шадар тайган Их хатны өргөөнд ирлээ" гэх дуу гэнэт сонстов. Хатан эхийн орд өргөөний дааман хаалгаар махлагдуу хөгшин тайган бусад таван тайганы хамт орж ирээд хатныг хүндэтгэн, гүнжид ёслоод ханцуйнаасаа алтан торгон хааны зарлигийн бичгийг гаргаж ирэв. Тайган:
- Их хатны гүнж Айсин Гиоро Хайранжү эзэн хааны зарлиг тос гэж хэлэхэд гүнж суудлаасаа босож тайганы өмнө сөгдөхөд тайган урт амьсгаа аваад зарлигийн бичгийг дэлгэн дуудаж эхэллээ.
"Энх Амгалан хааны гучин тавдугаар оны зуны дунд сарын шинийн долооны өдөр.
Луун удамт Эзэн хааны ураг болох агь, гүнж, өргөмөл агь, өргөмөл гүнж нарын эрдэм ухаан, авьяас билгийг хаан бибээр биеэр шалгахаар болов. Тиймийн учир найман наснаас дээш бүх агь, гүнж нар нь Шүй Юань Хуа ордонд цуглаж шалгах өдрийг хүртэл бэлтгэл хийж, амьдран суугтун. Зарлиг сонорт хүрсэн дор биелэгдэх учиртай." гэж тайган уншиж бараад зарлигийг хуйлан ханцуйндаа хийлээ. Гайхаж сандарсан их хатан хөгшин тайган руу харан:
- Одоо шууд Шүй Юань Хуа ордонд очих юм уу гэхэд
- Их хатан минь, тиймээ. Гүнж одоо хувцас, судар, бичгийн хэрэгсэлээ баглаад энд ирсэн тайган нараар туслуулан Шүй Юань Хуа ордонд очих ёстой. Шадар шивигчинээ дагуулан явж болно гэлээ. Хатан толгой дохиж:
- Ойлголоо. Одоо явж болно гэж хэлэхэд тайган хариу ёслоод өргөөнөөс гарч одлоо.
Хатан гүнжийг хажуудаа ирүүлээд толгойг нь илээд, духан дээр нь үнэрлэв.
- Хаан эзний зарлиг юм хойно саатаж болохгүй, түргэн явах хэрэгтэй. Ижийнхээ бичгийн хэрэгсэл, өдөр тутмын хэдэн манж дээлийг аваад яв. Ижий нь хойноос нь судар, бусад дээл хувцсыг чинь явуулья хэмээхэд
- Ойлголоо хатан эх минь гэж гүнж хэлэв.
Хувцас, бичгийн хэрэгслийг тайган нарт өгөөд хатан охиноо хажуудаа зогсоогоод хацар дээр нь зөөлөн үнэсээд
- Сайн шалгуулаарай охин минь. Өвөг дээдэс, эмэг эх чинь чамайг минь лавтайяа ивээх юм гэж хэлэхэд гүнж эхдээ мөргөөд Шүй Юань Хуа ордон руу явлаа.
Алтан наран тэнгэрт хөөрөхөд Бэйжин хот тэр аяараа халж эхэллээ. Үе үе салхи салхилах авч халуун агаарт дэмий нөлөөлөхгүй аж. Гүнж ахай Шүй Юань Хуа ордонд хүрч очвоос урьд нь зүс харж байгаагүй таван гүнж ирсэн байлаа. Хамгийн бага бололтой найм есөн настай бяцхан гүнж ч ирсэн байх нь гүнж ахайд ихэд өхөөрдөм санагдав. Хэдэн хормын дараа өөр нэгэн гүнж шадар шивигчинтэйгээ морилон ирэхэд И фей гэгдэх хааны хүндэт ахайтан тэдэнд хандан
- Өнөөдрөөс та нар эл өргөөнд амьдрах болно. Өргөмөл гүнж, Дө Фэй хатны гүнж, Жанжиа ахайтны гүнж өргөөний баруун өрөөнд, бусад дөрвөн гүнж буюу Мажа Жө фэй хатны гүнж, Их хатны гүнж, Нара овогт ахайтны гүнж, Их ахайтны гүнж нар өргөөний зүүн өрөөнд хуваарьлагдан амьдарна. Одоо ачаануудаа тус тусын өрөөнд тавиад амарч болно гэж хэллээ.
Гүнж ахай хоёр бяцхан гүнж, өөрөөс нь хэд насаар эгч бололтой өөр нэгэн гүнжтэй нэг өрөөнд оров. Биесийнхээ нэрийг мэдэхгүй, мөн дээрээс нь царай царайгаа анх удаа харж байгаа учраас тэд бие биенээсээ учиргүй их бишүүрхэх ажээ. Тэгтэл найм орчим настай бяцхан гүнж гүнж ахайн дээлнээс татан:
- Эгчээ би энд удах уу хэмээн асуухад гүнж хацрыг нь өхөөрдөн илээд
- Эгч нь сайн мэдэхгүй юм. Бид хаан аавд шалгуулж дуусаад л өөр өөрсдийн өргөө орд руу зүглэх байх даа гэж хэлэв. Бяцхан гүнж аман дотроо бувтнансаар өөрт нь ихэд таалагдсан бололтой өдөн гудастай өргөн орон дээр очоод хэвтлээ. Гүнж ахай баглаж авчирсан боодлоо задлаж хувцас, бичгийн хэрэгсэлээ орны толгойд байх модон шүүгээнд хийв.
✧ ✧ ✧
Гүнж нарыг өдөр бүр хатгамал хийлгэх буюу биба ятга тоглуулах эсвэл цэргийн бэлтгэл хийлгэнэ. Уран хатгамал шаглах ямар ч ойлголтгүй найман настай бяцхан гүнжид өргөөний бусад эгч гүнж нар нь тусалхаас гадна бусад бүх зүйл дээр нь зааж сургах ажээ. Цэргийн эрдмийн бэлтгэл дээр морь унуулж, нум сум харвуулна. Ү шүгийн бие хамгаалах урлагийг хятад багш нар зааж сургах бөгөөд үүрийн таван жингээр босож одод түгэх харуй бүрийгээр унтах авай.
Өргөмөл хэмээгдэх гүнж бусад гүнж нараа үргэлж тэргүүлэх бөгөөд насаар тэднээсээ хамаагүй эгч ажээ. Тэр гүнж Энх Амгалан хааны дүү Чан Нин чин ван агсны том гэгэ байсан бөгөөд эцэг нь бие барахад хаан эзэн түүнийг хажуудаа авч халамжлан өсгөсөн байна. Хаан эзэн түүнийг Түгээмэл энэрэлт гүнж хэмээн нэрлэсэн ажээ. Бусад зургаан гүнж нар түүнийг "ТОМ ЭГЧ" хэмээн авгайлах ажгуу.
Хааяахан зав гарвал гүнж нар цуглаж яриа өрнүүлдэг болсон бөгөөд нэр усаа мэдэлцэж, тайган шивигчдээс дуулсан сонин хачин өөр хоорондоо ярилцана.
Нэгэн өдөр тийнхүү ярилцан байх ахул шадар тайган өрөөнд орж ирээд:
- Түгээмэл энэрэлт өргөмөл гүнж хаан эзэнд бараалхаж, эрдэм мэдлэг авьяас билэгээ шалгуулна уу гэж хэлэхэд Том гүнж хөгшин тайганыг дагаж одлоо.
Гүнж ахай болон бусад гүнж нар том эгчийгээ үдшийн бүрий хүртэл их асарт хүлээж суув. Шөнө дөл боллоо. Гэвч том эгч ирсэнгүй. Том гүнжийн удаах Мажажө гүнж дүү нартаа хандан
- Харанхуй шөнө болчихлоо. Дүү нар одоо унтаж амрах хэрэгтэй. Тус тусын өрөө руугаа явцгаа гэж хэлээд бяцхан гүнжийг нуруундаа үүрэн зүүн өрөө рүүгээ зүглэв. Гүнж ахай арван хоёртой дүүгээ дагуулан цуг явлаа.
Тэр л шөнө яагаад ч юм туйлын удаан өнгөрлөө. Үнэгэн шөнийг үргээх мэт үүр хаяараад ирэхэд гүнж ахай орноосоо босож дээлээ өмсөөд өрөөнөөсөө гарав. Гадаа үүр шөнийн наран улааран үзэгдээд өргөн дэлхийг гийгүүлэн байв. Тэгтэл ордны дааман хаалгаар дэнлүүний бүдэг гэрэл тусахад тайганаар замчлуулан том гүнж орд өргөөнд мориллоо. Гүнж ахай эгчээ тосож очоод гараас нь түшиж их асарт орон ширээнд суугаад шивигчинээр цай бэлдлүүлэв.
- Эм хүний заяа бол ариун төрдөө үнэнчээр зүтгэх явдал юм. Хаан эцэгтэй шөнөжин энэ тухай ном хаялцаж байгаад ирлээ гэж том гүнжийг хэлэхэд
- Эгчийн хэлсэн үг түмэн зөв. Эмэгтэй хүн ч төрийнхөө төлөө зүтгэж болно. Хамгийн гол нь мэргэн ухаанаар зүтгэх хэрэгтэй юм шиг гэж гүнж ахай дэмжлээ. Хоёул цайгаа ууж хэсэг чимээгүй суув. Тэгтэл том эгч нь:
- Эгч нь Дотоод Монголын Хорчин аймгийн нэгэн ноёнтой ураглахаар боллоо. Дүү чиний хэлсэн шиг мэргэн ухаанаар тэднийг тагнах хэрэгтэй болов хэмээн гэнэт хэлээд уртаар санаа алдлаа. Гүнж ахайд хачин мэдрэмж төрөх нь тэр. Шалгуулахаар одоод буцаж ирэхдээ өөр нэгэн хүнд зарлиг тосоод ирсэн эгчийгээ харвал ихэд өрөвдөлтэй ажгуу.
Наран мандах луу цагт Шүй Юань Хуа ордонд Зарлиг гүйцэтгэх ёслолын яамнаас хэсэг түшмэд тайган нарын хамт ирээд Түгээмэл энэрэлт гүнжийг Алтан тогостой гоёмсог жууз тэргэнд залж одов. Гүнж ахай дэмий л харж зогссоор том эгчийгээ явуулсан бөгөөд бусад гүнж нар эл хэрэг явдлыг мэдээд уруу царайлан орон дээрээ суугаад хатгамалаа шагласаар өдрийг өнгөрөөв.
Түгээмэл энэрэлт гүнж харьд мордсоноос хойш даруй арван дөрвөн хоног өнгөрчээ. Мажажө гүнж эгчийн үүргийг гүйцэтгэн дүү нараа халамжилсаар байв. Тэр өдөр шадар тайган урьдын адилаар орж ирээд "Жө фэй хатны гүнж Мажажө" авхайг авч одлоо. Гүнж ахай болон бусад гүнж нар эгч түүнийгээ хүлээхийг хүссэн боловч цаг нарын хуваарийн дагуу явдаг бэлтгэл сургуулиа цалгардуулж болохгүй тул төд удалгүй цөмөөрөө бэлтгэлдээ гарав. Харуй бүрий болж, од мичид тэнгэрт түгэхэд Мажажө гүнж ирээгүй л байв. Чухамдаа тэр өдөр, тэр шөнө гүнж авхай ирсэнгүй. Дараа өдрийн өглөө ч ирсэнгүй, өдөр ч ирсэнгүй. Түүнээс хойш өргөөнд үлдсэн таван гүнж Түгээмэл энэрэлт гүнж эгчийгээ дахиж хараагүйн адилаар Мажажө гүнж авхайг ахиж хараагүй юм. Гүнж магадгүй хаан эзний чухаг зарлиг тосож алс хол газар одсон болов уу.
✧ ✧ ✧
"Жүнмэй гүнж болон Хайранжү гүнж эзэн хаанд бараалхахтун" гэж хэлэхэд гурван дүү нь хоёр гүнжийн дээлнээс зуураад явуулсангүй. Гүнж ахайн өхөөрдөн хайрладаг найман настай бяцхан гүнж уйлагнан:
- Та хоёр одоо явчих юм бол хаан аав таныг холоо газар явуулчихна шүү дээ. Битгий яваач дээ гэж хэлээд мэгшин уйлахад Гүнж ахай тайвшруулахаар
- Нионио минь, битгий уйл. Хоёр эгч нь хол газар явахгүй ээ. Заавал буцаж ирнэ. Эргээд ирэхэд миний дүү нар хатгамалаа сайхан шаглачихсан байгаарай гэж хэлээд Жүнмэй гүнж рүү харан
- Тийм биз дээ, эгчээ гэхэд "Тэгэлгүй яахав" хэмээн үгсийг нь дэмжив. Хоёр гүнж гурван дүү нартаа хатгамалыг бариулаад дуусах үед чинь буцаад ирчихнэ ээ гэж хэлээд Түмэн Наст ордон руу зүглэлээ.
Шадар тайган хоёр гүнжийг замчилсаар Түмэн Наст ордонд дөхөж ирэв. Гүнж ахай Жүнмэй гүнжид хандан:
- Та айж байна уу гэж асуухад Жүнмэй гүнж бага зэрэг инээгээд
- Хаан аавтай уулзаад л айх байх даа гэж хэлэв.
Өргөөний хаалган дээр ирэхэд Жүнмэй гүнж түрүүлж орох учиртайг дуулгав. Өргөөний улаан хаалга нээгдэж эгч гүнж нь босго даван ороход улаан хаалга буцаж хаагдав.
Хоёр цаг өнгөрөөд байтал Жүнмэй эгч нь өргөөнөөс гарч ирээд Гүнж ахайн хажууд дөхөж ирснээ:
- Дүү минь, битгий сандраарай. Чиний ухаан билэг чинь л одоо хэрэг болно. Эгч нь өргөөндөө түрүүлж очоод сайхан хоол бэлтгэж байя гэж хэлээд явж одов. Гэнэт шадар тайган
- "Их Хатны гүнж Хайранжү эзэн хааны өргөөнд морлихтун" хэмээхэд өндөр босготой улаан хаалга рүү гүнж ахай зүглэлээ. Босго давж өргөөнд ороход том улаан хаалга дүн хэмээн хаагдав. Хаан аав нь гоёмсог ширээнд суусан байх бөгөөд өөр рүү нь дөхөж ирээд ширээнд суухыг урив.
No comments:
Post a Comment