2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - III

Өргөөндөө хүрч ирвэл аль хэдийн нохой  цаг болсон байх агаад лаа дэнлүү асааж алтан торгонд баринтагласан судраа гаргаж ирэв. "Энэ судар бор ордонд байх юм гэж хэн санах билээ дээ" гэж бодлоо. "Мин улсын анхдугаар хуанди Юань улсын бичиг судрыг устгах үед шатаагдсан гэж бодож асан энэхүү чухал судар... Гурван зууны туршид олон мэргэд үүнийг гар дээрээ ч барьж үзээгүй атал өтгөс буурал надад энэхүү судар олдсон ямар их хувь заяа вэ" гэж бодох дор бяцхан хүүхэд шиг л догдлон, зүрх нь хүчтэй цохилж байлаа



"Үүнийг нэгэнт ордноос авч гарах боломжгүй тул гараар хуулхаас өөр арга үгүй" гэж сэтгэв. Тэгээд бэх, бийр ян, цаас гаргаж ирээд эхнээс авхуулаад нямбай, хичээнгүйгээр хуулж эхлэжээ. Өвгөн багшид энэхүү судар яагаад ийм чухлыг нягтлан үзвэл: Дуун ухаан хэмээгч Зүрхэн тольт гэх судар нь монгол хэлний дүрэм, авиа зүй, хэлзүйг шинжиж судалсан анхны Дуун ухааны ном байжээ. Тийм учраас өвгөн багшийн сэтгэлийг ийнхүү ихэд баясган, догдлуулан байх авай.

Бүтэн шөнө суугаад судрын дөнгөж тал хэсгийг л хуулсан бөгөөд гар хуруу цуцаж ядарсан тул, арга буюу зогсоолоо. Өглөө эрт, наран мандах луу цагт Гүнжийн хичээл тогтсон ёсоор эхлэх тул бага зэрэг нойр авхаар хаш чулуун ор луугаа зүглэж бөх нойронд дарагдвай.

Бор шувуухайн жиргээ сонсогдож, нарны туяа цаасан цонхны цаанаас тусав. Өвгөн багш сэрлээ. Зүүд мэт байсан өчигдрийн явдалыг нэхэн санаад бичгийн ширээ рүүгээ харвал хуулаад үлдээсэн цаас, бийр, бэх, судар зэрэг нь уул хэвэндээ байх аж. Сэтгэл хангалуунаар амьсгаа аваад орноосоо өндийлөө. Биеэ бэлдэж, бичиг номоо цэгцлэн байх дор Гүнж ахай шадар шивэгчнээ дагуулан өргөөнд залрав.
- Өглөөний амрыг айлтгая, багш минь хэмээн гүнж мэнд мэдэхэд багш инээгээд бичгийн ширээний ард хоёул сууцгаав. Өвгөн өчигдөр "Нууц номын сан"-гаас авчирсан судраасаа Юань Чао Ми Ши хэмээгч судрыг гаргаж ирээд гүнжийн өмнө тавьбал гүнж ахай түүнийг сонирхон, ханз үсгээр бичсэн номын гарчгийг шуудхан уншав.
- Юань төрийн нууц судар гэнэ үү хэмээн шохоорхонгүй асуулаа. Хятад хэл бичгийг үнэнхүү сайн сурж дээ гэж багш нь сэтгэл дотроо бахархан бодоод
- Гүнж минь, энэ бол эртний монголын төрийн нууц судар асан гэв.
- Монгол оо?
- Тиймээ. Өнөөдрөөс эхлэн гүнж та Их Дагины зарлигын дагуу монгол хэл, бичиг үсэг сурах болно. Монгол бичиг их амархан. Учир юу хэмээвээс, манай мандсан төрийн манж бичигтэй адилхан юм гэлээ. Тэгээд цааш үргэлжлүүлэв.
- Таны өвөг Нурхачи баатрын зарлигаар манж бичгийг монгол бичгээс санаа аван зохиогоод Хойд Алтан улсын төрийн бичиг хэмээн тунхагласан бөгөөд өдгөөг хүртэл бид энэ бичгээр судар номоо тэмдэглэж байна гэв.

Гүнж ахай төрсөн манж хэлээ төгс эзэмшсэн бөгөөд хятад хэлийг ч дутхааргүй сайн эзэмшсэн нь энэ бяцхан биед нь багтамгүй гайхалтай эрдмийн хэттэй гэмээр. Өнөө дахиад монгол хэл сурна гэдгээ сонсоод бүр их баярлаж буй мэт нүүрэндээ мишээл тодруулан өмнөө байх судраа ажиглан харсаар. Нээрээ л тэр монгол бичиг үсгийг нягтлан харвал манж бичигтэй эгээ адилхан харагдах  бөгөөд багшийнх хэлдгээр ёстой л амархан санагдаж, уншиж үзэн, багшдаа дуудаж шалгуувал зөв дуудан байх ажээ. Улам ихээр урам орсон гүнж ахай эхний хичээлээ багшийн тусламжтайгаар үсгээ нүдлэж эхлэв. Өвгөн багш цаасан дээр эгшиг үсэг, гийгүүлэгч үсгийг бичиж нүдлүүлэв.

- Багш минь, би энэ хэлийг сураад надад ямар ашигтай вэ хэмээн асуувал багш нь
- Сурсан эрдэм хэзээ ч илүүдэхгүй ээ. Хожим танд хэрэг болох байх гэсэндээ Их Дагина өтгөс буурал надаар дамжуулан зааж сурга гэсэн биз ээ хэмээгээд сахлаа илэв.
- Энэ хэлийг сураад, үүнийгээ Манж Дайчин Улсынхаа төлөө ашиглаж, эрхэм ариун төр, эзэн хаан эцэгтээ бага ч атугай тус хүргэж чадах болов уу хэмээн гүнж лавшруулан асуувал багш нэлээн бодлогошронгуй харцаар гүнжийг хараад
- Мунхаг багшийнх нь бодол юу гэвэл: Манж Дайчин Гүрэнд эрдэм мэдлэгтэй, ухаан саруул, бие төвшин хүн машид хэрэгтэй. Тийм байж гэмээн улс гүрэн маань тэнгэрийн таалалаар цэцэглэн хөгжих юм гэж хэлэв. Гүнж учрыг бүрнээ ойлгон байгаа янзтай толгойгоо удаанаар дохиж, үсгээ нүдлэхээр шамдав. Үүнийг ажсан өвгөн багш "Хожмын нэгэн өдөр гүнж хүн ч улсынхаа төлөө явах шаардлага урган гарч, үүргээ ёсчлон биелүүлэн ухаант сайд, мэргэн түшмэдээс ч илүү алдар гавьяа байгуулж магадгүй" гэж хэлсэн Их Дагины үгийг нэхэн саналаа. "Гүнж нэг л өдөр улсынхаа төлөө явна гэдгийг урьдаас мэдсэн мэт аргагүй л бодолтой үг байж дээ" хэмээн бодоод үргэлжлүүлэн хичээлээ заав.

"Наран мандах" луу цагаас эхэлсэн эрдэм номын хичээл "Наран доошлох" бичин цагт дууслаа. Урт удаан цагын туршид бичиг сурах үйл үргэжилсэн ч бяцхан гүнж үл ядрах агаад эрхэм багшдаа талархал болон хүндлэл үзүүлэн, өөрийн  өргөө рүүгээ зүглэвэй.

Хоёрхон жилийн өмнө хөдөлгөөнтэй, энд тэндхийн юмыг ухан оролдож, Мөөмөөгөө хүртэл багахан чаддаг асан адтай бяцхан гүнж өдгөө ордны дэг жаягт бага багаар суралцаж, их хатан ижийнхээ адил намбалаг ая дангитай болж байлаа. Өргөөнөөс гараад хэрхэн биеэ авч явах, өөрөөсөө хэргэм зэрэг доогуур хүнтэй яаж харьцах, хоол унд идэхэд юуг анхаарахаас авхуулаад, ихэс ахасын өмнө хэрхэн биеэ авч явах тухай суралцана. Их хатан ижий нь хааяахан хатуу зан гаргаж, гүнжийн дэггүй зангий нь зэмлэх авч, хүүхэн үрээ өрөвдөн хайрлаж гүнж хүний эрдэм ухааныг заан сургах ажээ. Хатан манжийн Гололо овгийн чин ван агсаны гэгэ байж. Аядуу зөөлөн эхтэйгээ адилгүй сониуч зантай, хөдөлгөөнтэй охин байсан бөгөөд нэг л өдөр тайван амгалан эх нь хатуу ширүүн загнаж, зан аалийг нь засаж залруулан чин вангийн хошой гэгэ хэмээн үл үзэн хоол унд бэлтгүүлж, худгаас ус татуулдаг байв. Хэдэн сарын туршид хал үзүүлж байгаад, цаг нь бүрдээд ирхийн цагт бичиг судар заах багш залж авчран номын мөр хөөлгөсөн ба эх нь түүнд эмэгтэй хүний эрдэм бүрийг заасан байжээ. Их хатан энэ бүх үеэ нэгийг нь ч хэцүү, ширүүн байсан гэж боддоггүй, харин охин үрийнхээ зам мөрийг тэгшлэх гэж ачит эх нь түүнийг хүмүүжүүлсэн хэмээн одоог хүртэл боддог аж.

- Мөхөс би ирлээ хэмээн гүнж хатан ижийдээ мэдэгдвэл
- Эрдэм ухаан олныг сурав уу хэмээн хатан хариу мэдэв. Хатан улаан хуш модыг хээ гаргаж гайхалтай сайхан сийлсэн орон дээрээ сууж байх ажээ.
- Тэглээ. Өнөөдөр багш над монгол хэл заалаа гэж хэлбэл
- Ижий нь түүнийг дуулсан. Их Дагина түүнхүү зарлиг буулгасан юм гэж хэлэв. Тэгээд цааш нь:
- Монгол хэл амархан байна уу гэж хятадаар асуув. Гүнж ижийгээ хятадаар ярихийг анх удаа сонссон боловч гайхаж түвдэлгүй, тайванаар:
- Эх болсон манж хэлтэй минь эгээ адилхан юм хэмээн хятадаар хариулхыг сонссон Хатан эхийнх нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх мэт нүүр дүүрэн мишээгээд гүнж охиноо өөрлүүгээ дөхөж ирхийг гараараа зангив. "Ямар ч байдалд тайван байж, цэцэн, зөв хариулт хэлэх ухааныг сайн сурж байна даа" хэмээн бодлоо. Хатан өргөөнөөс шивэгчдыг гархыг тушаав.
- Охин минь, өдөр хоног өнгөрхийн хэрээр өөрийн бие чинь өсөж байна. Бичиг эрдэм л нэвтэрхий болвол, бичгийн тэнэг болхоос цаашгүй. Хүүхэн хүний эрдэмд сурах цаг нь болжээ охин минь. Оёж шидэх, дуулж бүжих, хоол унд хийх аргад суралцах нь чухал. Гүнж хэдий хааны үр ч гэлээ, нэгэн цагт энэ ордноосоо гарч, сайхан эрд очих тул энэ бүхнийг сурах ёстой. Хатан эх нь чамд зааж сургана хэмээгээд гүнжийн толгойг илж, цээжиндээ тэврээд "Охин минь" гэж хэлэх ахул хатан эхийн хар алаг нүднээс нь халуун нулимс урсав.

Гадаа харанхуй болж, дэнгийн бүдэгхэн гэрэл өргөөг гийгүүлнэ. Зуны дэлгэр цагын байгалийн эгшиг болсон хүүрэлзгэнэ гайхалтай аргагүй хүржигнэж, бүдэгхэн өргөөнд сонсогдох нь тайвшралыг авчрах авай. Хатан эх нь охиноо тэвэрсээр л...

✧ ✧ ✧

Бор шувуун дуу үл сонсогдоход уртаас урт бодлоосоо хатан салав. Түүний царайнд үл ялиг гуниг тодроод, "Хайрт ЭХ минь" гэж хэлээд уртаар санаа алдлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа шивэгчнээ дуудаж ирүүлээд:
- Чи явж, Сижихүнийг дуудаад ир. Чухал хэрэг байна гэж  хэлээрэй хэмээв. Шивэгчин толгойгоо дохиж "Жаа" хэмээн хэлээд өргөөнөөс гарав. Хатан өргөөндөө ганцаар үлдэхэд цээж рүү хүчтэй хатгаж, сэтгэл нь шанална. "Хааны олон гүнж нараас намайг юунд сонгов доо, хайртай хатан эхийнхээ дэргэд, хоёр жил дахиад байсан бол" гэж бодно.

Алс буйдхан газарт баригдсан орд өргөө ганц л эзэнтэй. Ганц эзэн нь гайхам билэгтэй ч гэлээ, гашуун төр түүнд хатуу нүүр гаргаж албан хүчээр энд суулгасан тул ихэд гомдолтой. Хайртай ханийгаа ч халамжилж чадаагүй байхад нь, гэнэт л нэгэн өдөр Бэйжингээс торгон цэрэг гэрт нь залраад, хааны зарлигийг уламжласан байна. Хачин сонин утгатай зарлигийн утгыг бүрнээ ойлгож байтал, сэхээ өгхийн завдалгүй жуузанд суулгаад авч одсон тэр өдөр саяхан л мэт санагдах ажээ.

Тэр өдөр тогоо дүүрэн халуун цай, таваг дүүрэн бүхэл махаа эхнэр хүний ёсоор нөхөртөө барьж чадаагүй явсандаа ихэд гутарна. Ордонд хүмүүсээр л яриулж, цухасхан мэдэж авсан уртын дууны хөг эгшгийг өөрийн сонороороо бодитоор сонсож,  уужим цэлгэр талыг харж, сэтгэлээ баясгасан хэдхэн өдөр хатанд маш дотно санагдсан авай.

Хатан өргөөнөөс гарав. Гадаа намрын урь орж, мододын навчис шарласан байхыг үзээд уртаар санаа алдлаа. Намар цагын зөөлхөн салхи, Навч цэцгийг хийсгэдэг гэж багшийнхаа хэлсэн үгийг нэхэн санав. Зөөлхөн үлээдэг юм бол яагаад хийсгэдэг юм бол доо гэж хэлсэн тухайгаа санан үл ялиг инээв. Шарласан навчисийг харан зогссон хатан орд өргөөний гүнцэг рүү зүглэв. Гүнцэгт хэдэн шивэгчин хоол унд хийн, аяга таваг угааж байлаа. Хатан ирснийг харсан шивигчинд чимээгүй болоод хүндэтгэл илэрхийлэлээ.
- Надад том тогоо, булгийн ус, хар навчит цай авчир хэмээгээд ханцуйгаа  шамласнаа
- Бас сүү авчраарай гэв. Хэдхэн хормын дараа шивигчид захьсан зүйлсыг олж авчирхад хатан гал өрдөж, тогоогоо тавиад булгийн усаа хийлээ. Гайхаж, балмагдсан шивэгчид:
- Хатан минь, шивэгчид бид байхад та үүнийг хийх хэрэггүй, бидэнд тушааж болгоо, бид хийе гэвэл хатан толгойгоо сэгсрэн инээгээд
- Зүгээр дээ. Хуучны дурсамж минь сэдрээд байна гэж хэлэв. Шивэгчид хатныг ажиглан дуугүй зогсоцгооно. Тогоотой цай буцлаж, хар навчит цай идээшихэд давс, сүүгээ дээрээс нь хийгээд тогоотой цайгаа самарч эхэллээ. Залуухан манж шивэгчидэд хатны хийгээд байгаа үйлдэл машид сонин байх тул нүдээ бүлтийлгэн харсаар ... Тэгээд Хатан ханцуйнаасаа урнаар хатгасан хээтэй торгон алчуураа гаргаж ирээд толгойгоо боон, цайны дээжээ гар дээрээ бариад гүнцэгнээс гарлаа. Аягалсан цайгаа хойд зүг рүү цацан байх нь шивэгчин охидод ихэд сонирхолтой байх аж. Буцан орж ирээд шивэгчин болгонд цай аягалж өгөв. Хатан хүний гараас анх удаа юм авсан шивэгчид өөрийн мэдэлгүй аягатай цайгаа барин  газарт сөгдөн суугаад хатны хишигт талархлаа. Хатан тэдэнд хандан:
- Та нар ч гэсэн эцэг, эхээ, эх нутаг аа санаж л байгаа биз дээ хэмээгээд өөртөө хаш чулуун аяганл цайгаа хийж авав.
- Та нар жаахан амарч байгаад тогоотой цайг томхон шиг гүцэнд хийгээд миний өргөөнд авчраарай гэж хэлээд аягатай цайгаа барин гүнцэгээс гарч одлоо.

Намрын зөөлөн салхи хатны хацрыг нь илбэн илээж, мододын навчисыг мөчрөөс нь сугалан хийсгэнэ. Тэр цайгаа барин цэцэрлэгээр алхах  бөгөөд тэртээх алсад эмэг эхтэйгээ хамт өнгөрүүлсэн өдөр хоногууд бодлыг нь бүрхэн авлаа.

No comments:

Post a Comment