2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - V

Зун цагийн алтан наран тэнгэрт хөөрөхөд бор ордон улааран үзэгдэж, цөөрөм голын тунгалаг ус гялтганах бөгөөд усны мандал дээр бадам лянхуа цэцэг урган, дэлбээгээ бүрнээ нээсэн нь туйлын үзэсгэлэнтэй харагдана. Лаг шавран дунд үндэслэж, тунгалаг усны мандал дээр урган соёолоод, машид сайхан дэлбээгээ дэлгэх нь цэвэр ариун үр нээгдэх мэт ихэд бахтай үзэгдэх авай.


Өдөр бүр л нэгэн янзын хэмнэл аясаар өнгөрөх уйтгарт Бор ордонд хэдэн сарын өмнөөс дуу цуурайтах болсон нь тэнд амьдрагчдыг бага ч атугай хөгжөөнө. Дайчин гүрэнд нэгдсэн Халх Монголын тухай элдэв цуу яриаг орд өргөөдийн ихэс дээдэс байтугай дорд тайган, шивэгчид хүртэл амнаас ам дамжуулан уралдан ярьцгааж, чөлөөтэй хэлэлцэнэ. Харин Энэрэн Нигүүлсэгч Ордонд л энэ бүхэн эсрэгээрээ өрнөж байлаа.
Эх Дагина тайган шивэгчдийн амыг тас атган, янзан бүрийн яриа дэгдээлгэхгүйн тулд Толгой авах зарлиг буулгаж, ордны хашаанаас хэнийг ч гархийг үл зөвшөөрөв. Энэ бүхэн тэртээ олон арван жилийн өмнө болсон Шиао Жуань хоригийг өөрийн эрхгүй санагдуулах ажгуу.

Гүнж ахайн өвгөн багшийн бие тэнхээ нэг л базаахгүй болсон тул өөрийн хүсэлтийнх нь дагуу хааны ордноос явуулах зарлиг Эх дагина гаргаад хоёр хүрээ цэрэг дайчлан Манжуур нутагт нь хүргэсэн байна. Өвгөн багшийн оронд бичиг номын өргөөний түшмэл багш үргэлжлүүлэн хичээл заах агаад өдөр бүрийн хичээлийг нь шалгахын тулд Эх дагина гүнжийг даган номын өргөөнд нь морилдог болжээ.  Харин өдрийн бусад цагт гүнжийг өөрөөсөө алхам ч холдуулалгүй төр ёсны их сургаал, түмэн ардын ёс заншил зааж сургана.

Эх Дагины өргөөнөөс охин хүүхдийн цээл хоолой сонсогдох нь монгол бичгээр мутарласан  хуруу зузаан судрыг гүнжээр дуудуулж байгаа нь энэ аж.
- Узуур гэж юу гэсэн үг вэ? гэж гүнж гайхширангуй асуув. Эх дагина:
- Эрт үед язгуур үндсийг узуур гэж хэлдэг байж. Он удаан жил өнгөрөөд энэ үг мартагдсан юмсанж л дээ. Юмны үзүүр, ургаа модны үндэсний үзүүр гэсэн утгатай юм даа охин минь хэмээв.  Эх дагина гүнжтэй ярилцаж буй чухал зүйлсийг дорд язгууртай хүмүүс бүү сонсог гэсэндээ монголоор хоорондоо ярилцана. Үүнд нь гүнж маш дуртай бөгөөд монгол судрыг эмэгээрээ хааяахан уншуулж, нарийн нандин үг бүрийг тэмдэглэн авна. "Тэгэхээр монголчуудын язгуур хэнээс эхлэлтэй байна?" эмэг нь хариу мэдэн асуухад
- Бөртэ-Чоно, Гуа Марал хоёроос эхлэлтэй байна хэмээх гүнж хариулав. Эх дагина түүнийг ихэд бахдан хараад алган дээр гурван ширхэг амттан тавьлаа. Тэгээд цааш өгүүлрүүн:
- Өнөөдөр энд хүрээд дуусгая. Эзэн хаан өнөөдөр өргөөнд залрах ёстой. Эмэг нь суудлаа засаж, биеэ бэлдэх хэрэгтэй. Охин минь одоо явж болно гэж хэлэхэд Гүнж толгой дохиж суудлаасаа босоод, ширээн дээр дэлгэж орхисон судруудыг хурааж цэгцлэн, номин өнгийн чисчүү торгонд боов. Тийнхүү хийж бараад шаазан гүцэнд халуун ус дүүргэж, алтан шаргал хос аяганд ногоон цай хийгээд ширээнд барьлаа. Ёс журмын дагуу хэрхэн үйлдэж байгааг эмэг нь ажиглаж байснаа сэтгэлд нь ихэд нийцсэн бололтой, бахархангуйгаар
- Эмэгийн хүүхэн сайхан хатан болно оо гэж гүнжийг магтлаа. Гүнж хариу инээмсгэлэж, эмэг эхдээ хүндэтгэл илэрхийлээд өргөөнөөс гарахад эх дагина гүнжид элдэв яриаг сонсгуулахгүй гэсэндээ өөрийн шивэгчинээ хойноос нь дагуулав.

✧ ✧ ✧

Энх Амгалан хаан Энэрэн Нигүүлсэгч ордонд хүрэлцэн ирж, богд эмэг хатандаа хүндэтгэл илэрхийлээд суудалд суув. Эх дагина саяхан гүнжийг бэлтгэсэн хос аяганд халуун ус дүүргэж тагийг нь тавив. Цай уух нарийн ёсыг гүйцэтгэж бараад хаан ам нээн:
- Төрийн хэрэг туйлын их болжээ. Улс орныхоо үйл хэргийг чанд хатуу гараар удирдан залах арга ухаан надад хэрэг болов. Халх Монголын хэрэг явдлын талаар эмэг тантай хэлэлцэж, зөвлөлдөх зав гарсангүй удлаа. Таны бодол юу вэ? гэхэд Эх Дагина нүдээ аниж, хэсэг бодосхийлээ. Тэгээд уртаар санаа алдан
- Дайчин Гүрний их хаан надаас ийм хэрэг явдлыг асуух хэрэг юун. Гэхдээ эмэг чинь чамд хэдэн үгийг хичээнгүйлэн захья. Халх Монгол бол АРИУН газар. Тийшээ дорд гаралтай, язгуур муутай дотор газрын уугуул иргэдийг нэвтрүүлж үл болно. Хаан Хэнтий гэдэг газарт бол бүр ч болохгүй. Харин Манжийн алтан ясны Айсин Гиоро овгийн эсвэл язгуур сайтай манж хүнийг Халх Монгол руу томил. Хаан ургийн хүн байх тусмаа сайн хэмээн хэлэхэд Энх Амгалан толгой дохиж
- Эмэг таны үгийг ёсчлон дагая. Зарлиг гаргаж нэвтрэх эрхийг Журганы хүсэлтээр Хаан эзэн зөвшөөрдөг болгоё гэж хэлэхэд эх дагина "Тэг дээ" хэмээгээд цайгаа уулаа. Эх дагина хэсэг хугацаанд чимээгүй сууж байснаа
- Шүан Еэ гэж ихэд сулхан хэлэхэд Энх Амгалан хаан цайгаа ширээнд тавьж, суудлаасаа босоод эртний ёсоор эмэгийнхээ өмнө зогсов. Найман настайгаас нь хамт байсан эмэг нь хааяахан ийнхүү төрсөн нэрээр нь дуудаж сургамж, айлдвараа хэлдэг байжээ. Эх дагина хоолойгоо засаж
- Эмэг нь  чамд худал биш үнэнийг л хэлсээр ирсэн. Ач хүү минь өдгөө Алтан луугийн ЭЗЭНТ ГҮРНИЙ ИХ ЭЗЭН ХААН болжээ. Эд баялаг, эрхэм алдар чамд минь одоо байна. Энэ бүхний чинь л төлөө эмэг нь өөрийн бүх насаа зориулав. Цаг нь болжээ. Эцэг өвгөд рүүгээ буцах цаг минь болжээ. Хатан би гурван хааны төрийг үзсэн учир надад одоо шунах зүйл байхгүй. Өвөг чинь өдгөө тайван нойрсож байна. Би бунханыг нь эвдэн тэнд залрах хүсэлгүйн учир амьнаасаа ч илүү хайрлаж ирсэн Фүлин хүүгий минь хамт хөдөөлүүл. Ядаж та нарыгаа ойрхоноос харж, сонсон байж гэмээн сэтгэл амгалан байж чадна гэж хэлэв. Энх Амгалан хаан эмэгээ хүндлэн "Жаа" хэмээгээд эх дагинад мөргөлөө.

✧ ✧ ✧


Хоёр оны туршид эмэгийнхээ хажууд амьдарсан гүнж үнэнхүү сайн төлөвшсөн, сайхан гүнж ахай болсоор байв. Гүнжийн сэтгэлийг нэг л зүйл ихэд зовоох бөгөөд Энэрэн нигүүлсэгч ордонд ирсэн өдрөөс хойш эмэг эхийнх нь бие лагшин нь сайнгүй байгаа явдал байв. Үе үе эмэг эхийнх цээжээр хатгуулж, хэнхдэг рүүгээ гараараа даран, уртаар амьсгаа авах нь гүнжид хэцүү харагдана. Оточ манал дуудаж судсаа бариулан, цагаан хоолойн багтраа гэж оношлосон бөгөөд хамгийн сайн тан уугаад ч нэмэр олохгүй ажээ.
Эмэг эх нь түүний хажууд өвчин хөндүүрээ илт нуух агаад хүний нэгэн насны амьдрал нь дуусах дөхөж байгааг өөрөө ч гадарлана. Гэвч "Хайртай охин минь хамт байвал эмэг нь урт насална аа" гэж байнга хэлэх бөгөөд энэ л үг нь гүнжийн сэтгэлийг тайвшруулах авай.

Өвлийн адаг сар буюу гахай сарын хорин тавны өдөр гүнж эмэг эхтэйгээ цуг гадаа салхилж байгаад өргөөндөө морилов. Хоёул дотор газрын халуун цай ууцгаан хэсэг ярилцлаа. Эмэг нь нэг л өөр байгааг гүнж ажиглаад санаа чилсэн шинжтэй:
- Эмэг минь, өнөөдөр царай тань бага зэрэг цайсан шинж байна. Тан буцалгаж залах уу? Дайфүү дуудаж судсаа бариулах уу хэмээн асуув. Эмэг нь толгой сэгсрэн, инээвхийлэн
- Хэрэггүй охин минь. Харин эмэг нь чамд захиж хэлэх зарим нэг зүйлс байна.
- Юу билээ? Та айлдаж болгоо хэмээн ихэд хүндэтгэлтэй асуухад
- Эхлээд ёслолын хувцас өмсөж биеэ засаад, эмэгийнхээ заасны дагуу сайхан сүүтэй цай чанаад ир. Хоёул туйлын чухаг зүйлийг ярих болно гэж хэлэхэд гүнж толгой дохиж "Жаа" хэмээн зөвшөөрөөд өөрийн өрөө лугаа зүглэвэй.
Хэсэг хугацааны дараа эх дагины өрөөнд хатан хүний шинж нь бүрдсэн ихэд намбалаг гүнж ахай залран орж ирэв. Шаазан гүцэнд хийсэн халуун сүүтэй цайг гартаа барьсан байх агаад Эмэг эх нь түүнийг ихэд бахдалтайгаар харан "Сайн байна" гэж амандаа шивнэв. Гүнж ханзны хажууд ирээд хаш аяганд цай аягалан эмэгтээ барьлаа.
- Одоо эмгийнхээ хажууд суу даа охин минь. Бүх зүйл ёс журмын дагуу явлаа. Гүн ордны дотоод ёсыг сайн биелүүлэв гэж хэлээд цайг ойчилж, нүдээ анив.
- Чанга хатуу эмэгийнхээ хажууд зөөлөн булбарай охин минь хоёр он суулаа. Машид сайн байсан тул эмэг нь чамд эцсийн сургаалаа айлдах гэж энэ бүхнийг чамаар гүйцэтгүүлэв. Анхааралтай сонсоорой охин минь. Би манж хэлээр биш монгол хэлээр энэ бүхнийг хэлнэ. Өдий хүртэл сурсан эрдэм чинь чамд одоо тусална гэж хэллээ. Гүнжийн сэтгэл ихэд догдлож, басхүү түгшив. Хэлэх үг бүрийг бичиж авахсан гэж бодов. "Бэлэг авчир" хэмээн эх дагиныг хэлэхэд нэгэн шивэгчин алтан шаргал торгонд боосон томоо гэгч баадантай зүйлийг авчирч барьлаа. Эх дагина баадантай зүйлийг гартаа барьж, алгаараа илбэн байснаа гүнжийн гарт атгуулж
- Үүнийг ихэд нандигнаж яваарай. Эмэг эхийнх нь нандин эрдэнэ, эх нутгаасаа авчирсан цорын ганц үнэт өв гэж хэллээ. Гүнж тэрхүү зүйлийг өвөр дээрээ тавьж гараараа дараад эмэг рүүгээ харахад гүн бор нүд нь хайраар гэрэлтэж байх ажгуу.
- Эзэн хааны зарлиг тоссоны дараа энэхүү торгон бааданг нээж үзээрэй. Тэрнээс өмнө бүү нээ. Түмэн өлзий бүрдсэн тэр өдрийг хүртэл энэ бүхэн нууц байг гэж хэлэхэд
- Ойлголоо эмэг минь хэмээгээд хөгшин эхийнхээ нүд рүү дахин харлаа. Эх дагина уртаар санаа алдаснаа
- Их хааны эх, Энх Амгалан хааны эмэг, мөнхүү чиний элэнц эмэг энэ хөгшин хатны түүх. Эмэг нь Хавт Хасарын шууд угсаа, Монголын Хорчин аймгийн Зайсан хошой бэйлийн охин. Тайзу хааны арван есдүгээр онд чиний элэнц өвөг Абахай хунтайжийн бага хатан болсон билээ. Эмэг нь хунтайжийн бага хатан болоод гурван охин, ганц хүү төрүүлэв. Хатуу дэг жаягтай ордонд арван гурванхан насандаа ирж, хатад эмс, тайган шивэгчдын дунд олон жилийг өнгөрүүлжээ. Хүний амьдралын эрээн нь дэндүү их шингэсэн эл ордныхон намайг Монгол хүн гэдгийг минь мартагнуулахад хүргэсэн. Тиймдээ ч дээр, дооргүй бүгд энэ нууцыг мэддэггүй. Эмэг чинь монгол ёс, монгол хоол унд, сүүтэй цайг яагаад тийм их мэдээд байсны учир өнөөдөр тайлагдав.

Гүнж энэ бүхний учрыг олон удаа бодож байсан боловч хариултыг нь авч чаддаггүй л байв. Эмэг эхээсээ асуух хүсэл төрөх авч, цал буурал үстэй сүр жавхаатай дүр нь нүдэнд үзэгдэх ахул болохгүй юм байна гэж сэтгэлдээ боддог байжээ. Эмэг эх нь яриагаа үргэлжлүүлэн

- Гүнж чамайг төрөхөөс хэдэн сарын өмнө хөгшин эх нь нэгэн чухаг зүүд зүүдлэсэн агаад зүүднийхээ утга учрыг ойлгохгүй явсан. Гэтэл гүнж чи минь мэндэлсэн юм шүү дээ. Зүүдний утга нь "Гарди шувуу луугийн амнаас гаран хойд нутаг очиж нутаглаад, гол ус урсгаж, хамаг амьтныг төвшитгөж байх юм" гэж хэлээд цааш нь
- Гарди шувуу бол эртнээс нааш дотор газар ухаан төгс, сайхан хатан хүнийг билэгддэг. Тэр гарди нь миний охин мөнөөс мөн. Харин хаашаа яваар одохыг эмэг нь тайлж чадсангүй гэж хэлээд гүнжийн чихийг өөртөө ойртуулаад
- Үүнийг сэтгэлдээ сайтар хадгал. Хүнд хэлж үл болно хэмээлээ. Гүнж эмэгийнхээ үгэнд туйлын итгэж, харцаа салгалгүй ажиглах бөгөөд хэнхдэг доторх зүрх нь хүчтэй цохилон байв. Эмэг эх нь түүний гараас чангаар атгаж
- Гүн ордны туйлын сургаалыг эрхэмлэн сахиж, Бадралт төрийн алдар цуутай гүнж болоорой. Тиймийн учир гүнж чамайгаа бага наснаас чинь бичиг номын мөр хөөлгөн, түмэн ордны буман ёс зааж өгсөн юм. Хүүхэн хүний хувь заяа нь харь нутагт ураглах явдал тул дотоод ордны ёсыг дагаж, төр улсдаа зүтгэхийн хажуугаар эр нөхрийн удмын ёсыг дээдэлж, үр хүүхдээ сайн эхийн хишиг буянаар хичээнгүйлэн өсгө гэж эцсийн сургаалаа айлдах ахул Гүнжийн хар алаг нүднээс халуун нулимс урсан гарав. Уйлахгүй байхыг ихэд хүсэх авч булаглан оргилох рашаан мэт нулимс зогсолтгүй дуслах авай.

Эмэг нь түүнийг чээжиндээ тэврэн, тахмай шүргэсэн үсийг нь гараараа илбэж "Уйлж болно оо охин минь, сайн уйл. Эмэг нь чамайг буруушахгүй" хэмээхэд гүнж ихэр татаж, эмгийнхээ чээжинд улам наалдав. Эмэг нь  амандаа уртаас урт дуу аялаж, хүүхэн үрээ тэвэрсээр л...
Арван дөрөвхөн насандаа эмэг эхээсээ эрдэнэ мэт захиасыг сонсож, хүүхэн хүний заяа буян яасан хатуу байдгийг ухаарчээ.
Хэсэг хугацааны дараа хоёул салцгаав. Эмэг нь охиноо өмнөө зогсоож
- Одоо шалавхан хатан эхийнхээ өргөөндөө оч доо. Эмэг нь чамдаа хэлэх гэсэн үгсээ хэлсэн тул санаа амарлаа гэж хэлэн духан дээр нь үнэсэв. Гүнж эмэгийнхээ өгсөн нандин эрдэнийг цээжиндээ тэврэн өргөөнөөс гарч сүйхэнд залран хатан эхийнхээ өргөө рүү явлаа. Эх дагина шаазан халбагатай  аяга дүүрэн сүүг, шивэгчний гараас аван хүүхэн үрийнхээ хойноос өргөн, "Эцэг өвгөд минь түүнд минь туслаарай" хэмээн сэтгэлдээ шивнэв.

No comments:

Post a Comment