2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - IX

Өвлийн тэргүүн сар гараад хүйтэн агаар өргөн дэлхийг бүрхэж, цагаан цасан тэнгэрээс бударна. Гүй Хуа Чөн өнгөө сольжээ. Асар өргөөг халуун илчээр галлах агаад тэрхүү халуун илч бүхий л өргөөг дулаалцуулна.

Хатан элчийг үдэж гаргаснаас хойш даруй хоёр сар өнгөрчээ. Бор хотоос чимээ ажиг ирсэнгүй. Хэдэнтээ бичсэн захидалд ямар ч хариу ирдэггүй байсан тул хатан гуниж гутарсангүй. Харин сайн өдрийг хүлээж байгаад дахиж захидал бичиж элч зарна аа гэж дотроо бодох авай.
Гүй Хуа Чөнд байх Гүнжийн өргөө. Хатан түүний албатуудаас гадна, ногоо тарьж хоол унданд нийлүүлдэг нангиад тариачид, мал хуй адгуурлах монгол малчид эл орд өргөөнд харьяалагдан амьдарна.
Бага наснаасаа урлаж сурсан хатгамалаа хатан өдөр бүр учиг шингээтэл оёж, тэртээ хэдэн бээрийн алсад байх тал нутгийн санан мөрөөднө. Уужим цэлгэр тэгш ногоон тал нутаг, хараагаа өргөхөд мэлмийг ерөөх мэт харагддаг хөх тэнгэрийн хаяа үнэхээр сайхан бөгөөд туйлын үзэсгэлэнтэй ажгуу.

Хатан хатгамалаа хойш нь тавиад улаан өнгийн торгоор урлаж, булганы арьсаар зах ханцуйг нь эмжсэн гоё сайхан манж дээл өмсөөд ордноос гарлаа. Хатан хараагаа холын холд бүдэгхэн харагдах Гүй Хуа Чөны дааман хаалганы зүгт хандуулав. Дааман хаалга чив чимээгүй, урьдныхаараа дүнсийн үзэгдэнэ. Гэнэт асар олон морьдын төвөргөөн харагдав. Төд удалгүй бүдэгхэн дүрс улам тодорсон агаад нэгэн язгууртан ноён Гүнжийн өргөө рүү зүглэн ирж байх авай.

Хатан өргөөндөө орж шивигчидэд ширээ засахыг тушаагаад ордны зоогийн гүнцэг рүү орон цай чанахаар зэхэв. Яг л эмэг эхийнхээ заасан ёсоор усаа тавьж, идээгээ хийгээд буцалгав. Гүнцэгийн шивигчин хувин дүүрэн сүүг  барихад хатан түүнийг буцалж буй халуун цайн дээрээ хийгээд самарлаа. "Шар тос байсансан бол" гэж хатан дотроо бодов.

- Хатан минь хэмээн амьсгаадсаар өргөөний шивигчин  гүнцэгт орж ирэв. Хатан цайгаа самрангаа
- Юу болов? Асуудал гараа юу? гэж тайванаар хариу барихад шивигчин амьсгаагаа бага зэрэг дараад
- Ордны дааман хаалганы гадна жүн ван залран ирээд байна гэж хэлэв. Хатаны царайнд баяр баясал тодорлоо. Самарч байсан цайгаа шивигчинд үлдээгээд ордны дааман хаалга руу хурдтай алхав. "Амьд байж, амьд байж" хэмээн дотроо шивнэж, гаднаа инээсээр дааман хаалга руу дөхөж очоод нүдээ аньлаа. "Энэ өвөл заавал Халх нутагтаа очно" гэж эрс шулууханаар өөртөө хэлээд хаалгаа нээв.

✧ ✧ ✧

Хэдэн зууны нүүр үзсэн Бор ордон  цав цагаахан цасанд дахин хучигдлаа. Ордны шаазан шаргал дээврүүд цагаан өнгөөр будагдаж, тахмай шүргэсэн гэзэг мэт унждаг ялам болон тоорой мододын навчис аль хэдийнээ унажээ. Энд тэнд эл хул байх агаад хүйтэн жихүүнээс хүмүүс зугтаж, дулаахан өргөөндөө байцгаах аж.

Гүнж ахайн хатан эх нь өнөөдөр төрийн ёслолд оролцох болсон тул дээл хувцасаа нарийн дэг жаягаар өмсхөөс авхуулаад толгойн гоёл зүүсгэлээ ихэд нямбай зүүх ажгуу. Гүнж харин ижийдээ тусалж оо энгэсэг тэргүүтнийг нь дөхүүлж өгнө.

Хатан ёслолын хувцасаа өмсөж бараад Түмэн Наст Ордон руу явхаар хөдлөв. Яваар одхоосоо өмнө гүнж ахайг өөртөө ойртуулаад:
- Охиндоо баярлалаа. Ижий нь түргэхэн яваад ирье гэж хэлээд духан дээр нь үнэсэв. Гүнж хатан эхдээ хариу ёслож хүндлээд асар өргөө рүүгээ зүглэлээ.

Гүнж өргөөндөө ороод бичгийн ширээн дээрх судар номоо цэгцлэв. Өвгөн багшийнх нь заадаг байсан бүхий л зүйлс нь сударт бичигдсэн үлдсэн агаад дээр дээрээс нь өрж тавьсан хорин хуруу зузаан ном судар гүнж ахайд ихэд нандин тул өдөр бүр арчиж цэвэрлэнэ. Гарын үзүүрт зарж байх шадар шивигчин түүнд байдаг боловч бичиг номын нарийн зүйлсийг өөрийн гараар үйлдээд суржээ. Тийн хийж бараад урлаж асан хатгамалаа дуусгахаар орон дээрээ очиж суулаа.

✧ ✧ ✧

Тэнгэр бүүдийгээд, сааралтаж эхлэхэд цагаан цасан бударч эхэллээ. Цас ордны чулуун шалан дээр унаад төд удалгүй хайлна.

Түмэн наст ордноос нэгэн хөгшин тайган алтан торгонд боосон тэгш дөрвөлжин нэгэн зүйл болон гарди шувуун хээтэй жижиг мөнгөн хайрцгийг барьсаар гарч ирэв. Өөр бусад дагуул тайган нар хөгшин тайганыг дагаж тэд цөмөөрөө Энэрэн нигүүлсэгч ордон руу явцгаалаа. Том ширхэгтэй цас тэнгэрээс буун тайганчуудын шовгор оройтой малгайг будна. Тэд хатан эхийн өргөөний хажууд байх гүнжийн өргөөний гадаа ирээд:
- Гүнж Хайранжү хаан эзний алтан луут зарлигийг тос хэмээн дуудлаа.
Гүнж хатгамалаа орон дээрээ тавиад "Алтан луут Зарлиг" гэсэн үгийг нягтлаж үзээд чухаг болхыг нь ойлгов. Ахай өргөөний хаалгыг нээж шалавхан гараад тайганы өмнө өвдөг сөгдөн бөхрөв. Цасан чулуун шалан дээр зузаанаар тогтсон байх авай. Хөгшин тайган торгыг задлахад алтан ялтас үзэгдэж, түүн дээр манж болон нангиад хэлээр зарлиг бичсэн байх нь тусах агаад тайган түүнийг няхуур ажиглаж буйгаад дуудаж эхэллээ.
"Энх Амгалан хааны гучин зургаадугаар оны өвлийн эхэн сар буюу гахай сарын шинийн арван тавны өдөр.
Тэнгэрийн удамт Алтан ясны дайчин зоригт Шэнзү хуандийн зургаадугаар охин. Хааны гэрт төрөн хайр энэрэлийг олж, өнгө алаглам цэцэг мэт ихэд сайхан дэлбээлэв.  Эрдэм ухаанд мэргэн сэцэн, эеэргүү зөөлөн сэтгэлтэй, өнгө төгс олноос онцгойрон гайхагдсан учир "Хошой Хичээнгүй Амарлингуй Гүнж" хэмээн өргөмжилж, Халх Монголын алтан ураг Чахундоржийн их хүү Галдандоржийн ууган хөвүүн жүн ван Дондовдоржтой ураг холбов.  Гүн ордны ёсыг алдаж үл болох агаад эмэг эхийн сүрийг тээхийн сацуу эхнэр хүний ёсыг хичээнгүйлэн сахь. Хоёргүй сэтгэлээр гүрэн улсдаа сайнаар зүтгэж, хүн ардад ерөөлийг үйлдэн Гардийн энэрэлийг үзүүлэх аваас хаш пайзанд нэрийг чинь сийлэн үеийн үед мөнхлөн тавьж, алдар сууг чинь чулуунд дархалья. Сурвалжит ёсыг дагаж, үүрдийн их буяныг  ягштал хүлээ, машид Хичээ!"

Ураг холбов гэсэн үгс гүнжийг балмагдуулсан ба тайган "Зарлигийг тосож авна уу" гэж хоёронтоо хэлснийг ч үл сонсоно. Шадар шивигчин нь сандарч мэгдэн, гүнжийн хажууд өвдөглөж "Гүнж ахай минь зарлигийг тосох хэрэгтэй" гэхэд л ухаан орж хөгшин тайганы гараас алтан ялтаст зарлигийг тосож авав. Тайган баруун гар талд нь зогсож байсан тайганаас гоё мөнгөн хайрцгийг авч гүнжид мөн өгөөд хариу ёслон өргөөнөөс гарч одлоо.

Шадар шивигчин гүнж ахайг түшэн босгож өргөөнд нь оруулав. Гүнжийн гарт алтан ялтаст зарлиг, мөнхүү гоёмсог хайрцаг атгаастай байх ажээ. Үе үе алтан зарлиг руу харж уртаар санаа алдана. Гэвч гарт нь томхон шиг атгагдсан мөнгөн хайрцгийг гэнэт анзааран түүнийг нээн үзвэл цутгаж урласан луун хээтэй алтан бугуйвч байв. Гүнж бугуйвчийг гаргаж ирэн ихэд сонирхон үзвэл их л танил, мөнхүү байнга үзэгддэг байсан зүйл нь байлаа. Тэрхүү бугуйвч нь эмэг эхийнх нь өдөр бүр бугуйндаа зүүдэг гоё бугуйвч байв. Гүнж эмэг эхээ ихэд дурсав. Эмэг эхийнх нь ихэд нандигнадаг тэр л бугуйвчийг сайтар ажиглатал алтан луугийн аманд нэгэн жижиг цаасыг шургуулсан байх ажээ. Гүнж шургуулсан цаасыг болгоомжтой гэгч нь сугалж аваад дэлгэтэл түүн дээр "Баадантай зүйл" гэж бичсэн байв. Гүнж гэнэт эмэг эхийнхээ өгч асан "Бэлэг" хэмээгдэх торгон баадантай зүйлийг санав. Эзэн хааны зарлиг тоссоны дараа нээж үзээрэй гэж захисныг нь нэхэн санаж өргөөнд байх шивигчдийг гаргаж баадантай бэлгээ нээхээр зэхлээ.

Тэр үест "Их Хатан морилон ирлээ" хэмээх үгс гүнжийн чихнээ сонсогдов. Гүнж өргөөнөөс гарч хатан эхээ тосож угтах агаад ижий нь гүнжийн царайг ажиглан байв. Нар доошлож бүрэнхий болж асан тул хоёул унтлагын өргөөнөө заларлаа. Хатан хуш модон орон дээрээ очиж суугаад ёслолын дээлээ тайлж басхүү уртаар санаа алдана. Гүнж эхийнхээ урд номхон зогсох авай.

- Энян (Ээжээ) гэж гүнж сулхан хэлэхэд хатан "За охин минь" гэж хэлээд тэргүүндээ залсан манж төрийн малгайгаа авч орон дээр тавьлаа.
- Гүнж охин тань харь нутагт ураглахаар боллоо гэж хэлээд толгой гудайлгав. Хатан охин түүнээ ихэд өрөвдөн, нүдэндээ нулимс цийлэгнүүлсээр
- Ижийдээ дөхөөд ир охин минь. Наашаа ойрт хэмээн хэлэхэд гүнж хатан эхийнхээ чээжинд очин наалдав.  Эх нь охин түүнийхээ толгойг илэхэд гүнжийн чээж хүндээр хатгуулан, хайртай эхийнхээ дэргэдээс хэзээ ч салж одмооргүй санагдав. Бүлээн нулимс хацар даган урсаж хатан эхийн дээлэнд унана. Хатан уртаар санаа алдан:
- Эмэгтэй хүний тавилан юм даа охин минь. Төрийн зарлигаар ураг холбосон тул зөрчих учир үгүй. Харин миний охин эхийнхээ, мөнхүү эмэг эхийнхээ заасан бүгдийг сэтгэлдээ хадгал хэмээгээд нулимсаа арчин цааш үргэлжлүүлэн:
- Ижийд нь эл ордон маш хатуу санагдаж асан. Арван дөрөвхөн настай охин Бор ордонд ганцаар ирнэ гэдэг амаргүй. Хүний нутаг хатуу даа хатуу. Хүүхэн үрд минь бүр хэцүү ч байж болно.  Гэхдээ охин минь хүлээн байж дасдаг жамаар эх нутаг, эл ордон шигээ тэр л нутгийг эрхэмлэ хэмээгээд охин түүнийхээ харлаг үсийг илбэн илэв. Хатан эхийнх нь зөөлхөн гар гүнжийг бага ч атугай тайвшруулах агаад алаг нүднээс нулимс бага багаар дуслах авай.
Эрд гарж эхнэр болох ёсон эл өдөр гүнж ахайд ирэв. Элбэрэлт эхийнхээ дэргэд байнга л байх юм шиг санагддаг байсан нь эндүү болжухуй. Тэртээх олон жилийн өмнө өвгөн багшдаа хэлж байсан үгс нь эл өдөр биелэлээ олж, Ариун Их төрдөө хүчээ өргөх агшин гүнжид хүрч ирлээ. Гүнжийн толгойд эмэг эхийн хэлж асан "Зөнгийн үгс" орж ирэх агаад Хойд нутаг, гарди шувуу зэрэг үгс бодолд нь эргэлдэнэ.

Алтан наран доошлон доошилсоор уулын цаана жаргаж хорвоо дэлхийд гүн харанхуй ноёлоход шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэгч Саран авхай урган гарлаа. Хатан эх нь орны толгойд тавиастай үзэгдэх шаргал өнгөтэй нэгэн судрыг гүнжид өгөөд:
- Охин чамайг мэндэлсэн цагаас хойш энэхүү судрыг хөтөлсөн юм. Хойшид охин чи минь өөрөө хөтөл дөө хэмээн хэлэхэд гүнж хатан эхийнхээ нүд рүү харахад охин түүнийгээ ихэд өрөвдөн бас харамлаж байгаа мэт үзэгдэв. Өргөөний бүдэгхэн гэрэлд эхийнхээ царайг сайн ажиглавал санчигны үс нь яламгүй цайсан байх ажээ. "Ижийгээ халамжилж чадахгүй нь юутай их харуусал" гэж сэтгээд ор юунаас босож хатны өмнө сөгдөн мөргөв.
- Төрсөн цагаас хойш хойш өдийг хүртэл охин намайгаа хайрлаж өсгөсөнд баярлалаа хэмээн хэлэхэд хатан хайртай гүнжээ хайрын нүдээр хараад
- Охин минь, тэр их хайраа төр улсдаа буцаан зориул даа. Одоо өргөөнөө морилж унтаж амар. Маргааш миний охин хамгийн сайхан харагдах учиртай хэмээн хэлэхэд гүнж эхдээ дахин мөргөөд өргөө орд руугаа зүглэлээ.

Гүнжийг яваар одоод удаагүй байтал хатны өргөөнд хаан эзэн хүрч ирлээ. Хэл чимээ дуугалгүй чимээгүй ирсэнд нь хатан бага зэрэг сандарсан авч ширээнд суухыг урив. Цай уух хүндтэй ёслол гүйцэтгэж бараад хатан ам нээлээ.
- Өнөөдрийн шийдвэр их л гэнэтийн байлаа хаан эзэн минь.
- Би чамайг ойлгож байна. Гэвч Хайранжү өдгөө арван есөн нас хүрчихлээ. Эрд мордох цаг нь нэгэнт болсон.
- Тиймээ хаантан минь.
- Тэгээд ч монгол хэл, монгол ёсыг ийм сайн сурсан гүнж Бор ордонд үгүй. Тиймдээ ч хаан би өөрийн охиныг Халх Монголын ноёнтой хамаг түрүүнд ураг холбосон юм. Хайранжү бол хязгаар нутгийг төвшитгөх миний зарлигийг биелүүлхээр одож байгаа анхны гүнж. Туйлын ихээр итгэл хүлээлгэж байгаа гэж Энх Амгалан хаан хэлээд цайгаа ширээнээс авч хэд хэд оочилсноо уртаар санаа алдлаа. Хаан нүдээ аниж хэсэг чимээгүй суув. Тэгснээ гэнэт ам нээн
- Энэ зарлиг дан ганц миний хүсэл байсангүй ээ хатан минь. Богд эмэг эхийн хүсэл байсан. Охиноороо дамжуулж Халх нутгийг харах юмсан гэсэн гэрээслэл нь байсан юм гэж хэлээд чимээгүй болов. Хатан толгойгоо зөөлхөн дохиж цайгаа уув.

Бэйжин хот цагаан цасаар хучигдсан байх агаад тэргэл сарны гэгээн туяа цасан ширхэгт тусахад оч мэт их л гоёоор гялтагнана. Хорвоо дэлхий өнгө алаглан гялтагнаж, тэнгэрт хөөрсөн ододтой цуг зүг бүрт гэрэл орчих бөлгөө.

No comments:

Post a Comment