2014-05-24

Кирил үсэгт шилжээд оюуны байтугай нийгмийн хөгжил НОЛЬ/ТЭГ болов (Миний бодол)

Манай монголчууд түүхэндээ хамгийн их бичиг үсэгтэй явсан улс. Худам Монгол бичиг, Дөрвөлжин бичиг, Соёмбо бичиг, Тод бичиг, Вагиндра бичиг. Түүхэн хөгжлийн явцад эдгээр бичиг үсэг монголчуудын оюуны бадралын охь болж, тусгаар тогтнолын бэлгэдэл болж явсан үе бий. Өдгөө ч үүнийгээ хадгалсаар байна. Гэвч! Цаашид үүнийгээ хадгалж чадах нь уу?


Түүхийн хуудсыг эргэн харвал: "Монгол бичиг нь феодалын үеийн дарангуй бичиг бөгөөд дуудлагын хувьд хэтэрхий эртнийх учир орчин цагийн бичиг хэрэгтэй. Мөнхүү энэхүү үсэг нь нийгэм хөгжлийн явцад сөргөөр нөлөөлнө." гэж үзээд Кирил бичгийг шахаж, хүчээр хэрэглээнд оруулсан юм. Түүхийн хуудсыг энд зогсоогоод бичиг үсгийн хэцүү байдал хөгжилд хэрхэн нөлөөлдгийг жишээтэйгээр хамтдаа сонирхоцгооё л доо.

Хамгийн энгийн жишээ бол Хятад. Бидний доромжлон үздэг хятадууд асар хэцүү бичигтэй. Миний бие тэр бичгийг 7 жил сурсан. Өдгөө ч судлаж байна. Тэд тийм их зурлага, түлхүүр ханзтай үсгээ 5000 жилийн турш хэрэглэж байна. Өдөр тутамд хэрэглэдэг ханзны тоо 5000 дотор эргэлддэг гээд бод. Тийм хэцүү бичигтэй ард түмний оюуны бөгөөд техник, нийгмийн хөгжил хүн амьтны хараа булаамаар сайхан байгаа биз. Бид ичих ч үгүй өдөр бүр "Made in China" нэртэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа л байхгүй юу. Энэ бол зүгээр л хөгжлийнх нь бэлээхэн баталгаа.  Бичиг үсгийн хэцүү байдал нь нийгмийн хөгжилд муугаар нөлөөлдөггүй, харин хийсвэрлэх сэтгэлгээг ихээхэн  нэмдэг учир нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг.

Мөн япончууд байна. Тэд нар Хирагана, катакана, ханз үсэг гэсэн 3 төрлийн үсэг хэрэглэдэг. Өдөр тутамд хэрэглэдэг ханзны тоо 2000. Кана үсгийг МЭ 700-800 оны үед эмэгтэйчүүд зохиосон байдаг. Өдгөө тэд ч хөгжлөөрөө ДЭЛХИЙД хэний ч дор орохгүй, харин бусдыг хөгжлөөрөө доош нь чихиж байгаа биз?

Солонгосын Хангул үсэг байна. Солонгосын ван Сэжун 15-р зууны үед анх зохиосон бөгөөд ханз үсгээр солонгос хэлний дуудлагийг бүрэн тэмдэглэж чадахгүй байсан учраас зохиосон гэдэг. Солонгосчуудын бичиг үсгийн соёл ихдээ л 5 зууныг элээсэн байхад өдгөө янзтайхан хөгжөөд АЗИЙН БАР болчихсон байгаа биз. Тэгэхэд бид яав аа.
Найман зууны турш хэрэглэж ирсэн, тогтвортой хэлзүйн дүрэмтэй бичиг үсгээ хаячихсан хүмүүс шүү дээ.

Кирил бичигт шилжсэн явдал нь ОРОС АХ НАРтай их холбоотой. Ялангуяа Сталин гэдэг гүрж нөхөртэй шууд хамааралтай. Оросжуулах, орос соёлын довтолгоог түргэсгэх зорилготой байсан.
Кирил үсэг Индо-Евро язгуурийн Славян бүлгийн хэлний авиазүй, авиалбарын хувьд бүрэн тохирсон байхад Алтай язгуурын хэлэнд огт тохирдоггүй. Үсэг болгоныг нь дуудаж уншдаг учир дутагдалтай тул уугуул үг байтугай хэлний цөм болсон үйл үг хүртэл эвдэрч, харьжих гэмтэй.

Өдгөө бидний дагаж мөрдөж байгаа Монгол Кирил бичгийн дүрэм нь үгийн үндэс их эвддэг, нуршуу олон тайлбар зүүлттэйгээс гадна алдаатай дүрмээ засах гэж илүүц тайлбар дэндүү их хийсэн учир том хүн байтугай хүүхэд хүртэл цээжилж барахгүй. Энгийн баталгаа бол өнгөрсөн жил их, дээд сургуулиудад элсэн орсон оюутнаас авсан "Монгол хэлний шалгалтын дүн"  болно. Нөгөө нэг өндөр оноотой оюутнууд чинь Хэл бичгийн шалгалтанд хангалтгүй дүн авч байгаа юм. Ер нь бол манайхан өөрсдийгөө "Бичиг үсэгт бүрэн тайлагдсан" гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй дээ хөөрхий.

Манай улс кирил үсэгт шилжээд даруй 60 жил өнгөрлөө. Тэгэхэд тогтсон ч бичгийн дүрэмгүй, өнөө тогтоох гэж үзсэн дүрэм нь алдаатай бөгөөд нуршуу. 2011 оны 10 сард батласан "Кирил бичгийн стандарт тогтоох" тогтоолд тусгагдсан 600 үг нь үгзүй, авиазүй, монгол бичгийн уламжлалт хэлбэр судлалын хувьд алдаатай. Тэгээд тэрхүү алдаатай тогтоолоо хэрэгжүүлээд эхэлсэн. 1-р ангидаа Цээж гэж бичиж сурсан хүүхдийг одоо "ЧЭЭЖ" гэж бич гэж шахаад өнөө хүүхэд нь алдаатай үгэнд толгой нь эргэж маанагтана.
Манайхан хүний бичиг авч хөөрцөглөснөөс болоод одоо юу ч үгүй хэвтэж байгаа байхгүй юу. Бичиг үсэг солиод үсрэнгүй хөгжсөн нь хаа байна аа. Нөгөө нийгмийн хөгжилд нэмэр болсон зүйл хаа байна. Адаглаад бүрэн тогтож хэвшсэн хэлзүйн дүрэм, тогтвортой бичиглэлтэй үгийн сангүй л байгаа юм.

Монгол бичигтэйгээ байсан бол ийм ч дорой байдалд хэзээ ч орохгүй байсан болов уу гэж би таамагладаг. Учир нь монгол бичиг нь 800 жил энгийн дүрмээр хэлбэржиж ирсэн харьцангуй тогтвортой бичиг үсгийн тогтолцоо. Үгийн үндэс хэзээ ч эвдэггүй бөгөөд залгамал хэлний бүтцийг сонгодогоор илэрхийлдэг онцлогтой. Үгийн үндэс, язгуурыг сайн хадгалдаг учир үүсмэл үгийг үндсийг олоход хялбараас гадна замбараагүй авч хэрэглэдэг харь үгийг хэм хэмжээнд барих давуу талуудтай юм.

Өнгөрсөн оны 11 сард үсэг хасна, дүрэм өөрчлөнө гэсэн хэсэг эрдэмтний нэрийг доромжилж доромжилж дууссан. Цаад хэлзүйн талыг нь ойлгодоггүй өтсөн толгойтой ард түмнээ яана вэ. Үгийн үндэс эвддэг хэцүү бэрх дүрмийг нь хасаад, үндэс эвдэггүй монгол бичгийн уламжлалт дүрмээ сэргээж оруулья гэсэн чинь нөгөө ард түмэн гэдэг "ХАДНЫ МАНГАА"-нууд чинь босоод ирсэн. Учирзүй, ирэх цаг үед хэрэг болох үр нөлөөг нь ойлгодоггүй, яасан ч хэцүү ч юм дээ. Би бол хувьдаа тэр өөрчлөлтийг зөв хэмээн бодож байсан. Одоо ч тэгэж бодож байна. Ер нь шуудхан хэлэхэд Кирил үсэг бол манай МОНГОЛ ХЭЛЭНД ОГТ ТОХИРОХГҮЙ ЭЭ. Энэ том СҮЙРЛИЙГ МОНГОЛ БИЧГИЙГ ХЭРЭГЛЭЭНД ОРУУЛСНААР л шийдэж чадах юм.

Үндэсний бичгээ сэргээе, түүнийг хэрэглэе гээд уриалга гаргавал зоригтойхон дэмжээд өгөх хэрэгтэй. Хамаг уртдаа 10 жил л зовно шүү дээ. Тэгээд л хамаг хэрэг жигдрээд, монгол хэл шинжлэл цэгцрээд ирэх юм.

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг
С.Зориг

No comments:

Post a Comment