Өдийд хань болсон нөхөр минь амьд сэрүүн л байдаг байгаадаа гэж бодоод эмэг эхийнхээ зааж агсан тарнийг аман дотроо чимээгүйхэн хэлэв.
Өргөөнд анир чимээгүй... Хааяахан сонсогдох бор шувуухайн жиргээ өргөөний жаврыг үргээх агаад жиргээг сонсох үест хатны бодол тэртээд алслагдсан дурсамж руу нь хөтлөв.
✧ ✧ ✧
Наран авхай дулаан илчээ тусгавч, хүйтэн жихүүн агаарт үл нөлөөлнө. Өргөн дэлхий өнгөө хувиргахад, өвөл цаг Хориотой хотод айлчлан иржээ. Зундаа бүгчим халуун, өвөлдөө жихүүнээс жихүүн хүйтэн болох ажээ. Хатад, авхай нар чухал шаардлагатай л биш бол орд өргөөнөөсөө гаралгүй, урьдаас тогтоогдсон дэг жаяг мэт хов жив, мэргэ төөрөг хөөцөлдсөөр өдөр хоногыг өнгөрөөнө. Халуун ланз дээр суугаад шивэгчин охидоор гар, хөл, мөр, толгойгоо бариулж хаан эзэн хэзээ намайг өргөөндөө дуудах бол гэж нууцхан бодно.
Гадаа хүйтэн байсан ч түүнийг үл ажиран их хатан бяцхан гүнж рүүгээ яарна. Нүүр дүүрэн баясал тодруулсаар алхан байх хатан ямар нэгэн зүйлийн тухай бодсоор байх аж. Бараа бологчид нь түүнтэй зэрэгцэн түргэн түргэн алхасаар Энэрэн нигүүсэгч өргөөндөө ирлээ. Энэ өргөөнд эзэн хааны эх болох их дагина, их хатан амьдран суудаг байна.
- Нионио, охин минь хэмээн хатан охиноо дуудна. Нио нио гэж манж хэлээр үр хүүхдээ өхөөрдөн дууддаг үг аж. Нэлээн дуудсан ч ямар хариу дуу гарсангүй. Тэгтэл гэнэт:
- Хатан эх минь хэмээсээр ордны баруун хаалгааас найман нас хүрч байгаа боловуу, цэвэрхэн цагаан царай, тахимай шүргэсэн өтгөн хар үстэй охин гүйсээр гарч ирэв. Эх үр хоёр бие бие лүүгээ тэмүүлсээр биесээ тэврэн, хатан эх нь охиныхоо хацар зөөлөн үнэсэнэ.
- Охин минь хоёулаа дотор орье. Хатан эх нь чамд баярт мэдээг дуулгана гэж хэлээд охиноо дагуулан орд өргөөндөө морилов. Хүйтэн жихүүн өвөл ч гэсэн асар өргөө дулаахан ба хааяадаа нээгдэх хаалгаар жихүүн агаар орж ирхийг эс тооцвол үргэлж тав тухтай, сайхан байж аж. Өргөөний голд байх ширээн дээр шивэгчид цай, амттан өрж тавих бөгөөд хатан охинтойгоо ширээнд тухлан суув.
Удаан уулзаагүй эх, охин хоёр туйлын аз жаргалтай харагдана. Хатан хэдэн сарын өмнө Их Дагинатай цуг Манжуурт морилоод ирсэн нь энэ байлаа. Гэнэт л нэг өдөр Их Дагина хатныг өргөөндөө дуудуулж Манжуур руу явах болсон тухай хэлж, хамт яваач хэмээн гуйсан аж. Хатан хайрт охиноосоо холдож чадахгүй учраас цуг дагуулж явах тухай айлтгахад Их Дагина "Энэ бол нэн чухал хэрэг тул, гүнжийг дагуулж явж болохгүй. Эцэг өвгөдийн онгон орж, чухал газраар дайрна. Явах замдаа учрыг хэлнэ" гэж хэлжээ.
- Охин минь ижийгээ явсан хойгуур юу хийв дээ хэмээн асуувал
- Хатан эх минь, мөхөс би өдөр бүр бор шувууны жиргээг сонсож, хатан эхийгээ санагалзан суулаа гэж эвлэгхэн хариулна. Хатан охиноо хайр дүүрсэн харцаар харан, толгойг нь илэх авай.
- Охин минь, чи бол хааны гүнж. Хааны гүнж эрдэм номтой, эрэмгийн дайчин чанартай байх ёстой. Энэ жил найман нас сүүдэрлэсэн тул эмэг эх, ижий хоёр чинь чамд багш залж авчирсан. Өнөөдрөөс эхлэн ном судар уншиж, бичиг номонд шамдах болно гэж хэлэхэд охин баярлан, суудлаасаа босоод эхийнхээ өмнө ирээд мөргөн хүндлэв. Шадар шивэгчин нь түүнийг босоход нь туслалаа. Тэгээд охин:
- Би өнөөдрөөс эрдэм сурах юм бол үсээ эвхэж, биеэ засаад, хамгийн сайхан хувцасаа өмсөн эрхэм багш дээрээ очиж бараалхах ёстой юм байна гэж хэлэхэд хатан баяр, бахдал дүүрэн харцаар охиноо харан "Ёсоор болгог" гэж хэллээ. Шивэгчид гүнжийг дагуулан өргөөнөөс гарав. "Охин чамайг хамгаас илүү чухалчлан, зүүдний тайлалаа биелүүлэх болноо" гэж дотроо бодоод гүнжээ хүлээн суулаа.
Манжуур зорьсон явдлын тухайд их хатан өөрт нь тохиолдсон явдлаа ярьснаар бүх учиг эхэлжээ. Их хатан долоон шөнө дараалан нэгэн зүүд зүүдлэж, сэрэх болгондоо баяр жаргалаар дүүрэн сэрэх болов. Нэг, хоёр удаа зүүдлэхэд нэг их юм бодолгүй өнгөрсөн авч, таван өдөр дараалан зүүдлэсэн тул учрыг тайлах арга сүвэгчлэн үнэнч олон шивэгчдээсээ асууж шалгаан, ном судар шалгайлгасан ч тайлал нь олдоогүй тул санаагаар унажээ. Царай нь нэг л базаахгүйг нь ажигласан Эх дагина хатнаас болсон учрыг нарийнаар шинжин асуувал зүүд нойрондоо үзсэн бүхнээ ярьсан байна. Эх Дагина зүүдийг сонсож дуусаад өргөөндөө очиж амрахыг зөвлөөд, тайван байх хэрэгтэй гэж хэлжээ. Түүнээс даруй хоёр хоног өнгөрөөд байтал гэнэт манжуур явхаар болоод, яруу сандруу Бэйжингээс хөдлөөд байтал Эх дагина ам нээн "гүнж одоо найман нас хүрч, бусад гүнж нарын адил ордны дэг жаяг, эрдэм номонд шамдах тухай сануулаад, зүүдний тайлалыг нь хэлж өгсөн" аж. Юуны түрүүнд гүнжийн ирээдүйг эцэг өвгөдийн онгонд даатгасны дараагаар сайн багш залах явдал байсан байна.
- Хатан эх минь, багшдаа бараалхахад бэлэн болчихлоо гэж цангинсан хоолойгоор хэлэхэд хатан гүн бодлоосоо сэрэв.
- За тэгвэл явцгаая даа, эхлээд Эх дагины өргөөгөөр дайраад, дараа нь багш дээрээ очицгооё хэмээн хэлээд гараас нь хөтлөн баруун ордныг зүглэн явлаа. Цасан авхай моддыг чимэглэн, ордны дээврийг будсан байх агаад бараан ордныг бага ч гэсэн өнгөлөг болгожээ. Бусад үед улааран харагдах эл ордон өргөө өвөл болоход өнгөө бага ч гэсэн өөрчилсөн нь хүмүүсийн сэтгэлийг өчүүхэн ч атугай догдлуулна.
Баруун ордонд ирээд гүнж Их дагинад хүндлэл үзүүлээд, багш залж авчирсанд нь талархаж мөргөв. Их дагина гүнжийг өхөөрдөж, таваг дүүрэн амттан хүртээгээд, бичиг номоо сайн сурхыг захилаа. Хатан ч мөн талархаж, хүндлээд өргөөнөөс гаран, гүнжийг цааш дагуулан Хориотой хотын зүүн хэсэгт орших "Бичиг номын асар" руу дагуулан алхана. Тэдний явхыг холоос харвал сүр жавхаатай байх ба бараа бологчид, шивэгчид нийлсэн гуч гаруй хүн дагалдан явах авай.
"Бичиг номын асар" Баруун ордноос хол авч гүнж догдлон хөөрч, эрдэм сурах хүслэндээ хөтлөгдөж хөлөө цуцхыг үл ажран алхах ажээ. Нэг л мэдэхэд өргөөний гадаа ирсэн байв. Хатан тайган руу харж мэдэгдэхийг дохиход, тайган чангаар "Их хатан, гүнжийн хамт морилон ирлээ" хэмээн хэлэв. Өргөөн дотроос цал буурал өвгөн гарч ирээд хүндлэл илэрхийлэхэд гүнж өөрийн бодолдоо "Энэ өвөө багш мөн" гэж сэтгээд хатны гараас мултран өвгөний өмнө сөгдөн бөхөрч:
- Эрдэмт багшийн ивээлд талархая. Өчүүхэн гүнж надад бичиг судар, ёс журмыг заан сургана уу хэмээхэд өвгөн яах учраа олохгүй мэгдэн сүрдээд гүнжтэй адил сөгдөн бөхөрч
- Дээд заяат гүнж хүйтэн газраас өндийн хайрлаач, өвгөн буурал өтгөс би гүнж танд эрдмийн хэтийг заан сургаж, хойшидын заяаг тань зааж өгмүү хэмээн хэлэхэд гүнж босож зогсов. Өвгөн ч өндийн босоод толгой гудайлган зогсжээ. Хатан нэг гайхаж, нэг бахархаж хэсэг зогссоноо:
- Гүнж нас бялчир цус шингэн тул, багш таныг хүйтэн газар бөхрүүллээ гэхэд өвгөн багш
- Хатан минь, тийм биш. Багш шавь бие биедээ мөргөн хүндлэх нь юу юунаас илүү чухал. Насан буурал болсон би гүнжид эрдэм заах болсондоо туйлын ихээр олзуурхаж явна гэж хэллээ. Хатан, гүнж, багш гурав уулзсан тэр өдрөөс хойш өдөр бүр эл өргөөнд ирж бичиг номоо судлан, нар шингэх үед тус тусын орд өргөөндөө харьцгаах аж.
Их Дагина гүнжийг хол газар алхаж байгааг анзаарч мэдээд, балчир хөлийг нь хайрлан сүйх тэрэг хийлгэж явуулах болсон боловч, жихүүн хүйтэн өвөл болон аагим халуун зунд гүнж ахайн бие лагшин нь таалахгүй тул зарлиг буулган Энэрэн нигүүлсэгч өргөөнд тусгай асар бэлтгэж "Номын өргөө" хэмээн нэрийдээд өвгөн багшийг тэнд суулгав. Эл асар Гүнжийн орд өргөөтэй туйлын ойртсон тул өдөр бүр үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол бичиг ном судлах болжээ.
No comments:
Post a Comment