Шивигчин хатны хүссэн зүйлсийг авчран түүнд өргөхөд тэрбээр алтан торгон дээр муутуу цаасаа тавиад, хоёр эрмэгийг ихэд нямбайлан торгонд наалаа. Тийн хийж бараад бийр бэх янтай нийлүүлэн цаасан дээрээ уртаас урт зүйлсийг бичиж эхлэв. Бичиж байхдаа түр зогсож ихэд бодлогошрох агаад бичих зүйл нь тодорхой болсон мэт үргэлжүүлэн цаас бийрээ нийлүүлэх авай.
Хатан бийрээ тавьлаа. Бичсэн зүйлсээ эхнээс нь авхуулан машид няхуур шинжин уншснаа, торго цаасаа нямбай гэгч нь хуйлан бугуйндаа зүүсэн алтан луун хээтэй гоёмсог бугуйвчаа тайлж хуйлсан торгонд шургуулав. Хатан тэрхүү хуйлаасан бичгээ гартаа барьсаар бичгийн ширээнээсээ босож төв асарын ёслолын сэнтийдээ заларснаа ихэд чанга дуугаар:
- Өргөөний тайган байна уу? Хурдан ир хэмээн хэллээ. Төд удалгүй төв асарын том хаалгаар шар царайтай, намхан махлаг тайган орж ирээд эх дагиныг хүндэтгэн мэхийв.
- Чи энэ захиаг эзэн хаанд хүргэж өг. Гэхдээ хуйлаасыг дэлгэж уншаад хэрэггүй, харин од түгсэн, бүтэн сар тэнгэрт мандах тэр л өдөр унш гэж хэл. Одоо бушуу түргэн Түмэн Наст ордон руу явагтун хэмээн зарлигдахад тайган "Жаа" хэмээгээд эх дагины гараас алтан торгонд хуйлж, алтан бугуйвчийг шургуулсан бичгийг хоёр гардан тосож аваад хойшоо алхаж өргөөнөөс гаран Түмэн Наст ордон рүү зүглэлээ.
Эх дагина өргөөн дотор байсан бүх шивигчдийг гархыг тушаахад шивигчин охид өргөөг орхив. Энэрэн нигүүлсэгч өргөө тэр чигтээ эл хул, нам гүн. Өргөөнд гагцхүү эх дагины үе үе ханиалгах дуу сонсогдоно. Гэвч хэдхэн мөчийн дараа ханиалгах дуу ихэр татан уйлах дуугаар солигдсон агаад тэр л дуу чимээ өргөөн доторх тэсгэм өвлийн хүйтэн жаврыг үргээх ажгуу.
✧ ✧ ✧
- Охин минь гэж их хатан уулга алдав. Хоёр жил өргөөнд нь үзэгдээгүй охин үр нь түүний өмнө зогсож байсанд их хатан гайхаж бас баярлаж охин түүнийгээ тэвэрч авахад гүнж басхүү хатан ижийгээ тэврэн хэсэг зогслоо. Тэгээд хоёул халуун ханзан дээр суухад шивигчид тэр хоёрт үйлчлэн халуун цай, гуатай боов ширээнд барив. Гүнжийн зөөлөн цагаан гарнаас хатан эх нь чанга атгаад
- Өнөөдөр юуны учир ижийнхээ өргөөнд морилов? Эх дагины бие лагшин тунгалаг уу?
- Эмэг эхийн бие тунгалаг, өглөө эрт намайг дуудаж цай чануулаад чухал захиасуудаа хэлсэн. Тэгээд намайг хатан эх дээрээ очиж амьдар гэж хэлсэн хэмээн гүнжийг айлтгахад хатан ихэд гайхсан шинжтэй
- Тийм үү гэлээ. Ямартай ч хатан эхэд охин үр нь ямархан учир шалтгаанаар ирсэн нь чухал биш, харин ижийнхээ хажууд урьдын адил хамт байх болсон явдал нь туйлын сайхан санагдаж байлаа.
Эх охин хоёр маш удаан уулзаагүй мэт халуун дотно яриа өрнүүлэв. Гүнж эмэгтэйгээ цуг байхдаа сурсан эрдэм авьяасаа эхдээ шалгуулан урмыг сайхан үгсийг хүртэнэ. Хатан эх нь улаан өнгийн хоргой торгоор урлаж шагласан манж дээлийг охиндоо барин, өмсүүлж үзээд хүүхэн үр нь мөдхөн даль жигүүрээ дэлгэж нисэх дөхсөн үзэсгэлэнт гарди шувуу мэт их том болсоныг анзаарахдаа гүнж түүнээрээ бахархаж мөнхүү гуниглалаа. Хэдий тийм ч гэсэн гүнж охин нь ухаан саруул, машид намбалаг, аядуу зөөлөн хоолойтой, уран налархай хөдөлгөөнтэй, жинхэнэ хатан хүний шинжтэй болсон байхыг нь харах бүрийдээ тэр бүх бодлоо таягдан хаях авай.
- Хатан эх минь, надад нэг хүсэлт байна гэж гүнжийг асуухад хатан түүн рүү эгцлэн хараад "За, юу юм дээ, охин минь" гэхэд
- Миний өрөөнд жижиг зуух, мөнхүү түүнтэй ижил хэмжээтэй тогоо авчирч өгөөч. Би эмэг эхийн захиасыг дагаж өдөр бүр сүүтэй цай уух ёстой хэмээхэд хатан эх нь инээвхийлэн толгойгоо дохиж
- Бололгүй яахав. Өглөө ижий нь өрөөнд нь оруулж өгье гэж хэллээ. Гүнж ихэд баярлан хариу инээв. "Ихэс дээдсийн үгийг сайн дагах шинжтэй шүү" гэж хатан охиноороо бахархлаа. Эх охин хоёрын яриа үд хэлбийх хонь цагаас шөнө дундын хулгана цаг хүртэл үргэлжлэв. Хоёул яриагаа өндөрлөөд агаар амьсгалахаар гадагшаа гарлаа.
Шөнийн тэнгэрт аль хэдийн одод түгжээ. Гэвч эл өдөр яагаад ч юм бүтэн сар гарсан нь туйлын гайхалтай агаад харанхуй шөнийг гэгээн тунгалагаар гэрэлтүүлэн байв. Гараг эрхэсийн энэхүү сонин жигтэй явдлыг ордны тайган шивигчид гайхан харцгааж, хүслээ шивнэх нь шивнэж, залбирах нэгэн нь залбирна. Гүнж хатан эхтэйгээ тэнгэрийн эрхэсийг шинжин зогсож бүтэн сарны зураглалыг хоорондоо ярилцана. Эмэг эхээсээ сонссон саран авхайн дотор байх туулайны домгийг хатан эхдээ ярьж өгөх агаад ижий нь түүнийг шимтэн сонсох бүлгээ.
Гэнэт хоёр өргөөний цаанаас харанга дэлдэх чимээ сонстов. Эртнээс нааш ордонд харанга дэлдэх нь муу мэдээг зарлах дохио болдог тул хатан гүнж хоёр бие биеэн лүүгээ харан гайхан зогсоцгоов. Төд удалгүй харангын чимээ их хатны өргөөнөө дуулдаж, арваад тайган дэнлүү барьж, харанга дэлдсээр өргөөний дааман хаалгаар орж ирлээ. Тайган нарын ахлагч бололтой нэгэн хөгшин тайган их хатны өмнө сөгдөснөө бараан өнгийн дуугаар:
- Түмэн наст, амарлингуй агаад хичээнгүй, төгс төгөлдөр богд хатан Шиао Жуань эх дагина луугийн орноо амгалан заларлаа. Жанч халсан өдөр хэмээвээс Өвлийн адаг сар буюу гахай сарын шинийн хорин тавны өдрийн нохой цаг болой гэж хэлэхэд бусад тайган нар өвдөг сөгдөн "Богд хатан амгалан нойрсох болтугай, богд хатны ерөөл буян мөнхөд үргэлжлэх болтугай" хэмээн нэгэн дуугаар хэлэв.
Энэ бүхнийг сонссон гүнж ахай газарт бөхөрч уналаа. "Үгүй байлгүй дээ, өнөө өдөр л надтай ярилцаж байсан эмэг эх минь" гэж гүнж амандаа шивигнэв. "Хайртай охин минь хамт байвал эмэг нь урт насална аа" гэж хэлдэг байсан үгс нь гүнжийн чихнээ одоо ч сонсогдох шиг болоход гүнжийн нүдэнд нулимс цийлэгнэжээ. Өдий насалхад хамт байж, өөрийг нь дэмжин, урмын үгээ харамгүй шагнадаг эмэг хатан ижий нь одоо түүнээс мөнхөд алсран оджээ. Эмэг эхийнхээ заадаг ёс заншил, аялгуут сайхан хэлний үгсийг дахин хэзээ ч олж сонсохгүй нь дээ гэж бодох ахул гүнжийн гүн алаг нүднээс нь шүүдрийн дусал мэт бөндгөр том нулимс цувран урслаа. Чангаас чанга уйлхыг хүсэх авч цурхиран уйлж болохгүй орд өргөөний жаягыг яалтай.
Эмэгийнх нь хатгаж өгсөн хоолойн алчуураас эмэг хатных нь үнэр улам ч тод үнэртэх шиг. Хатан ижий нь охин түүнийгээ чээжэндээ тэврэв. Ухаан орох цагаас нь сүрлэг хад шиг нөмөртэй санагдах тэр л ангир чээжинд хэчнээн ч удаа уйлж, хэчнээн ч удаа тэврүүлж, хэчнээн ч удаа баярласан билээ. Харин одоо хайртай хүн нь холын холд одсонд нь харуусан тэр л сүрлэг том чээжинд чимээгүйхэн уйлна. Юутай их харуусал, юутай их гашуудал.
Саран авхай шөнийн тэнгэрээс өргөн дэлхийг гайхалтай гэгч нь гийгүүлж, од мичид гялс гялс хийнэ. Жавартай өвлийн тэнгэрээс гэнэтхэн цасан ширхэг бударч эхлэв. Гүнж ахайг бүү шанал, бүү уйл, бүү харуус гэсэн юм шиг сүүн цагаан цасан талст гүнжийн хацар дээр буухад тайтгарлын эгшиг гүнж ахайн сэтгэлд харвав. Эмэг эхийнх нь хэлснээр гүн өвлийн жавартай тэнгэрээс үнэгэн цасан будрах агаад хүүхэн үрийнхээ нулимсыг хайрласан юм шиг тайтгарлын цаснаар хацар нүүрийг нь илбэх мэт санагдах авай.
Эмэг хатны хойноос харуусах мэт Хориотой хот тэр л шөнө машид чимээгүй, нам гүм. Түмэн Амгалант ордны гадаа ч мөн ялгаагүй. Олон тайган шивигчид чимээгүйхэн бөхөр суусан харагдана. Дэнлүүн гэрэл өргөө бүрийг гийгүүлэн, галыг нь бөхөөлгөхгүйн тулд тайган гартаа тос барьсаар шөнийг барав.
Гүнж газраас босож дээлээ янзалж биеэ засаад Энэрэн нигүүлсэгч ордны зүг харан газарт гурван удаа өвдөг сөгдөн мөргөөд:
"Богд эмэг таныхаа захиасыг биелүүлж, хайртай охин тань заавал Бадралт төрийн алдар цуутай гүнж болно" хэмээн хэллээ.
✧ ✧ ✧
Хатан гартаа хаш аягатай цайгаа барьсаар өргөөндөө орж ирэв. Хатны өргөө нэг л биш, чухам хачин хүйтэн хөндий, нэг л зүйлийг үгүйлэгдээд байх шиг. Хатан хүний хүслэн болсоор өдрийг барах тул хааяа ч гэсэн ярилцах хүн гарч ирдэг ч болоосой гэж дотроо бодно. Хаш аягатай сүүтэй цайгаа хэд хэд ойчилоод бичгийн ширээндээ суув. Хатан бийр янтай, цаас гурвыг нийлүүлэн үсэг холбож байснаа бийрээ тавьж, хэсэг бодолхийлэв. Тэгснээ бийрээ буцаан аваад, бичиж эхлэв ч төд удалгүй дахиад л бийрээ гарнаасаа хөндийрүүлэв. Ямар нэгэн зүйлийг хэрхэн зөв бичихээ нэлээн бодолхийлсны эцэст шинэ цаас гарган хичээнгүйгээр бичиж эхэллээ.
"Энх Амгалан хааны дөчдүгээр оны хаврын эхэн сарын шинийн арван долооны өдөр.
Дайчин Гүрний Хошой гүнж, Энх Амгалан хааны зургаадугаар охин. Тэнгэрийн зарлигийг зөрчилгүй, лүндэн тушаалыг дагаж луугийн удмаас гараад харь нутагт ураглав. Хаан эзний хоёр дахь зарлигийг дуулгавартай дагаж алс буйдхан Гүй Хуа Чөнд ирээд хоёр он өнгөрөв. Энэ хугацаанд Чин улсын төлөө зүтгэх боломж олдоогүй тул гүнж би ихэд гомдолтой бөгөөд нэн даруй Халх Монгол руу буцаан явуулж Манж Дай Чин Гүрний төлөө хүчээ өргөх явдлыг минь түргэвчилж өгхийг хүсэж байна" хэмээн бичиж бараад ихэд нямбайлан нугалж гарди шувуун хээтэй тун гоёоор цутгасан жижгэвтэр мөнгөн хайрцаганд хийлээ.
Цаасан цонх бага зэрэг урагдаж цоорсон байх агаад цоорхойн нүхээр наран авхайн илч гэгээ орж ирэн бичгийн ширээнээ тусав. Хатан босож цонх руу дөхөж очоод цоорхойг ажиглан зогсох ахул өргөөний хаалгаар нэгэн шивигчин хорь орчим насны залуутай цуг орж ирээд хатанд хүндэтгэл илэрхийлэв. Хатан шивигчинд хандан цай авчрахыг тушаагаад, залууг ширээнд урив.
- Өнөөдөр яаралтай хааны ордон руу явах хэрэгтэй боллоо гэж хатан хэлээд гартаа барьсан мөнгөн хайрцгаа түүнд өгөв. Хатан цааш үргэлжлүүлэн
- Наад мөнгөн хайрцагаа ордны торгон цэрэгт өгөхтүн. Торгон цэрэг юу хийхээ мэднэ. Харин өөр хэнд ч үүнийг үзүүлж харуулж болохгүй. Замдаа тааралдсан хүмүүст Гүй Хуа Чөнөөс Бэйжин орхоор явж байгаа гэрийн даамал байна гэж хэл. Гүнжийн ордноос явж буй элч гэж хүнд хэлж үл болно хэмээн нэмж хэлэхэд залуу толгой дохилоо. Шивигчин шаазан аяганд халуун цай авчирч хатан болон залууд барив. Өнөөх залуу цайгаа хэсэг ойчилсноо
- Ургац хураалтын үе эхэлсэн тул унаа морь дутагдаж байгаа. Ямар морь унаж явах вэ гэж асуувал хатан:
- Миний морьдоос нэгийг унаад яв. Би чамайг хотын дааман хаалга хүртэл хүргэж өгнө. Харин одоо цайгаа тайван уу гэж хэлээд хоёул цайгаа ойчилж эхлэв. Ууж бараад хатан, залуу хоёр морьдын жүчээ рүү зүглэсэн бөгөөд Хатан цайвар зүсмийн хонгор адуун дээр мордож, харин өнөөх залуу шарга адуунд мордлоо.
"Жаа аа" хэмээн унасан морио хөгжөөгөөд Гүнжийн орд өргөөнөөс гарч давхив. Хатан залуу хоёр нэг цагын зайд орших хотын дааман хаалган дээр хүрч ирэв.
- Хотын дааман хаалганд ирчихлээ. Хатан би үүнээс цааш явж болохгүй зарлигтай тул энд хүрээд чамайг ганцаар явуулье. Сижихүн чамайг тэнгэр бурхан ивээх болтугай. Сайн яваад ирээрэй хэмээн хатныг хэлэхэд элч Сижихүн морьноосоо буун хатанд хүндэтгэл үзүүлэн ёслон мөргөөд мориндоо мордож түмэн газрын алсад орших Бэйжин хотын зүг давхилаа.
Элч залуугийн бараа үзэгдэхгүй болох хүртэл хатан харуулдаж байгаад өргөө ордон руугаа давхив. Морьны нуруун дээр салхи сөрөн давхих тэр л мэдрэмж нь хөх тэнгэр дээгүүр элин халих шонхор шувуу болсон мэт санагдуулна. Гарт нь нум сум байх шиг санагдах нь тэртээх алсад олон хатад фэй нарын гүнж нартай Шүй Юань Хуа ордонд олон сар суусан явдлыг нь өөрийн эрхгүй бодогдууллаа.
No comments:
Post a Comment