2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - IV

Уй Хуа Юань цэцэрлэгийн модод ногоороод, цэцэгс алаглаж, зуны салхи зөөлнөөр үлээхэд хачин чигтэй гайхам дуу гарна. Голын усанд алтан загаснууд бужигналдан, голын усыг цалгиулан байгалийн аяст хөг нэмэрлэх авай.



Цэцэрлэгээр бараа бологчидтойгоо Эх Дагина, хатан хоёр алхана. Бараа бологчид нь тэднээс арван алхмын зайтай алхаж байгааг шинжвээс хоёр хатантан нэн чухал зүйл ярилцаж буй бололтой. Эх дагина аажуу тайван алхаж, хэсэг зогсож их хатанд зарим нэг зүйлийг хэлж зөвлөхөд хатан толгой дохиж ойлгосноо илэрхийлнэ.

- Миний бие Дайчин гүрний гурван хааны төрийг үзэж, хоёр хааныг хүмүүжүүлэв. Одоо ч сайн сайхан цаг иржээ. Миний ч хийж бүтээсэн зүйлийн минь ашиг одоо л нэг үзэгдэж байна. Төрд үнэнч зүтгэсэн учир нүд анихад санаа амар хэмээн Эх дагиныг хэлэхэд хатан ихэд балмагдаж
- Дагина ижий минь, ийм зүйл бүү яриач. Үйлдсэн агуу их буяныг тань, Ариун Чин гүрэн хариулах учиртай гэвэл
- Үгүй дээ, хааны хатан минь. Чи энэ моддын навчсыг хар даа. Хөгширч шарласан навчис сая унасны дараа л эдгээр сайхан ногоон навч ургасан биш үү. Алив зүйл цаг хугацаатай, дэс дараатай учир хугацаа нь дуусаж байна гээд гэж бодох нь зүйн хэрэг. Намайг орлох хэн нэгэн энэ төрд гараад л ирнэ хэмээгээд голын ус руу заан
- Чи тэр лянхуа цэцгийг харж байна уу? Би чиний өсгөсөн Хайранжү гүнжийг хаан эзний олон гүнж нараас ихэд чухалд тооцож, хайр энэрэлдээ багтаасан.  Хайранжү яг энэ лянхуа цэцэг мэт дэлгэрэх учиртай. Тиймийн тулд охин үрийг сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Би өөрийн хувийг таван оны өмнө Манжуураас өөрийн биеэр багш залж, гүнжийг шавилуулахдаа өргөсөн. Эрдэм номтой, ухаан саруул байвал энэ улсдаа хэрэг болно гэж би бодсон учраас л тэр хэмээгээд их хатны нүд рүү эгцлэн харав.
- Хатан би ойлголоо. Одооноос гүнжийн эрдэм ухаанд илүү анхаарах болно гэж хэлээд Эх дагиныг түшин цааш алхлаа.

Хоёр хатан цэцэрлэгт салхилж бараад, Энэрэн нигүүлсэгч ордондоо морилов. Цөөхөн цаг алхсан ч Эх дагина бага зэрэг ядарчээ. Ханзан дээр суухад шивэгчин түүнд халуун цай авчирч барив. Хатан ч мөн түүний хажууд суугаад цай хүртлээ. Эх дагина цайгаа хэд хэд оочилсноо, ихэд нухацтайгаар яриа эхлэв.

- Гүнжийг би өөр дээрээ хэдхэн жил байлгамаар байна. Өтөл нас зооглоод ирэхийн цагт бүсгүй үр хүсэх юм. Хатан би гурван гүнж, нэг агь төрүүлсэн ч гэлээ, өнөө миний хажууд нэгэн ч алга. Тиймээс аминаасаа ч илүү хайрлан өсгөдөг гүнжийг чинь чамаас хэдхэн жил зээлмээр байна хэмээн Эх дагина хэлэв. Хатан энэ үгсийг сонсоод "Умбал охин минь, эмэг эхтэйгээ хамт амьдрах уу" хэмээн хэдхэн өдрийн өмнө гүнжээс асууж байсан нь санаанд оров. Тэгээд нэлээн бодолхийлээ. Шийдвэр гаргаж чадахгүй эргэлзэж байгааг нь Эх Дагина гадарлаад

- Арван хоёр наслахад нь чи хажуунаас нэг ч удаа холдоогүйг би сайн мэднэ. Хаанд бараалхах үед чи ордны дэг ёсыг үл даган түүнийг дагуулан ирж байсныг чинь ч би мэднэ. Хоёр хааныг өсгөж, хүмүүжүүлсэн хөгшин хатанд итгэ. Би энэ гүнжийг лавтай сайн хатан болгох юм гэж хэлээд аягатай цайгаа ханзан дээр тавиад хатан руу харахад Их хатан арга буюу толгой дохиж
- Эх дагиныг би хүндэлж, таны үгийг дагана аа. Харин би сардаа ганц удаа ирж болох уу хэмээхэд
- Тэр бол мэдээж чи сардаа ганц биш, сардаа хоёр удаа ирж бай. Эрх танхи охин чинь ирэх бүрд чинь лавтайяа дэг жаягтай хатан хүн болж байгааг анзаарах болно шүү гэж хэлээд хатан руу харан инээлээ.

✧ ✧ ✧

Хатан өргөөндөө хүрч ирлээ. Нэгэнт Эх дагинад зөвшөөрсөн тул гүнжийг Энэрэн нигүүлсэгч өргөө рүү явлуухаар хувцас хунар, бичгийн хэрэгсэл, судар номы нь эмхлэж цэгцлүүлэв. Хатан гүнжид хэлэх үгсээ бодож цэгнэн суудал дээрээ суун цайгаа ууна. Охин үрээ анх удаагаа биеэсээ хол байлгаж үзэх гэж байгаа хатанд эх хүний хувьд маш хэцүү байгаа нь ойлгомжтой юм. Хэдхэн өргөөний дайтай ойрхон газар холдох ч гэсэн хатанд нэг л байж суухын аргагүй мэт сэтгэгдэл төрөх авч "Эх дагинатай хамт байх нь илүү аз завшаантай үйл хэрэг" хэмээн бодон өөрийгөө бага ч гэсэн тайвшруулна.

Ийнхүү байж байтал бич цаг болсон байв. Тогтсон цагтаа Гүнж өргөөндөө морилон ирэхэд хатан эх нь түүнийг үүдэнд тосож угтаад дотогш орж сууцгаав.
- Миний охин өнөөдрөөс эх дагины өргөөнд суух болно. Эх дагина, ижий хоёр нь тэгэж шийдсэн юм гэж хэлээд охиныхоо гарнаас барин
- Эмэг эх нь чамд олон зүйлийг зааж сургахын тулд хажуудаа байлгамаар байна гэсэн. Санаа битгий зов, ижий нь сардаа хоёр удаа охин дээрээ очиж байх болно гэж хэллээ. Өндөр дээд эх дагина тэгэж хүссэн учир дургүйлхэх явдал гаргаж үл болно. Гүнж дуугүй л толгой дохиж, ямар нэгэн зүйл гуйх шиг ижийнхээ харц руу ширтлээ.  Нэгэнт шийдсэн тул хатан шулуухан хандах хэрэгтэй гэж сэтгээд царайгаа төв болгож, хоолойгоо засаад:
- Ижий нь хэд өдрөөс хаан аавтай нь цуг ордноос гарч төрийн чуулганд оролцохоор явна. Нэлээн удаж магадгүй юм шиг байна. Тийм учир гүнж минь эмэг эхтэйгээ хамт байхаас өөр аргагүй нь дээ гэж хэлээд бэлтгэж цэгцэлсэн хувцасыг нь гарт нь бариулаад, туслах мөөмөөд нь үлдсэн зүйлийг нь өглөө.
- Нар шингэхээс өмнө Энэрэн нигүүлсэгч өргөө рүү яв даа. Эх дагина одоо хүлээж байгаа биз гэж хэлээд өргөөний үүдэнд зогсож буй тайганд хандан "Сүйхэнд гүнжийг залаад, Энэрэн нигүүлсэгч ордон руу даруй явагтун" хэмээн тушаав. Ийн хэлэх нь хатны хувьд өр зүрх нь зүсэгдэх мэт туйлын хэцүү байсан ч төрсөн ижий нь ийнхүү хандаж байсныг нэхэн санаад, "Хожим охинд минь ямартай ч хэрэг болох юм" гэж өөртөө хэллээ. Сүйхэнд гүнжийг суухад тайган нар сүйхыг өргөж Эх дагины орд өргөө рүү зүглэвэй.

✧ ✧ ✧

- Хайранжү, шанаагаа битгий тул гэж эх дагиныг хэлэхэд гүнж биеэ засаж, суудал дээрээ цэх суулаа. Шанаагаа тулж болохгүйн учрыг мэдэхгүй ч эмэг эх удахгүй тайлбарлаж өгнө дөө хэмээн гүнж бодов. Эл өргөөнд ирснээс хойш эх дагина гүнжид янз бүрийн ёс зааж сургадаг болсон ба хааяа монгол хэлээр хоорондоо ярилцдаг болжээ. Өдгөө тун өндөр насыг зооглосон ч эмэг эхийнх сүр жавхаа төгөлдөр, ихэмсэг дээд харагдсан хэвээр. Энэ байдал нь гүнжид тун сайхан харагддаг бөгөөд ижий шигээ мөнхүү эмэг эх шигээ ийм сайхан эмэгтэй болно доо гэж байнга бодох авай.
- Охин минь, шанаагаа тулах нь муу зүйлийг дууддаг юм. Дахиж шанаагаа тулж болохгүй, ойлгов уу гэж аядуу тайвнаар эмэг эх сургахад гүнж илүү тайлбар нэхсэн харцаар харснаа:
- Яг ямар муу зүйл юм бэ, би түүнийг мэдэж болох уу гэж асуучих нь тэр. Асууна даа гэж бодож байсан ч үгнүүд нь гэнэт л амнаас урсаад гарчихсанд маш их гайхав. Эх дагина гүнжийг хэсэг ажигласнаа
- Эрт дээр үед бүсгүй хүүхдийг нас барахад нь шанааг нь тулуулж оршуулдаг байж гэж хэлснээ бага зэрэг ханиалгав. Тэгээд хоолойгоо бага зэрэг зассаннаа цааш үргэлжлүүлэн
- Мэдээж энэ нь сайн явдал биш. Тулж байна аа гэдэг чинь чи өөрийгөө үхүүлж байгаатай адил гэж хэлээд улаан цай авчирхыг шивэгчинд тушаав. Гүнж толгой дохиж
- Ойлголоо эмэг дагина минь гэж хэллээ.

Гүнжийн өдөр тутмын амьдрал өөрчлөгджээ.  Өвгөн багшийн орд өргөөг бор ордны зүүнтэйд байх Бичиг номын ордонд шилжүүлэв.  Хичээлийнх нь цаг багассан учир өдрийн ихэнх цагыг эмэг эхтэйгээ өнгөрөөх бөгөөд хамтдаа байх үедээ бива, ятга хөгжим тоглож, шатар нүүж, уран бичлэг бичнэ. Гүнжийн хувьд эмэг эх нь нэг л дотно санагдаж, өдөр хоногын уртад дасаж эхэлжээ.

Нэгэн өдрийн өглөөний бараалхалын үеэр гүнж эмэгийнхээ мэндийг мэдхээр өрөөнд оров. Тэгтэл эмэг эх нь өрөөндөө томоо гэгч нь зуух тавиад дээр нь тогоо тавьсан байх нь үзэгдэх агаад дотор нь ямар нэгэн зүйл буцалж байх ажээ.
- Эх дагина сайхан амарсан уу гэж мэнд мэдэхэд эмэг нь түүнийг ирснийг сая л анзааран
- Чи хүрээд ирэв үү? Гүнж маань ёстой амны хишигтэй хүүхэн шүү. Эмгийнхээ гарын цайг уух үнэнхүү хувьтай охин юм гэж баясгалантай хэлээд "Эмэг эх рүүгээ дөхөөд ир" гэлээ. Гүнжийг ойртож очиход том мөнгөн аяга алган дээр нь тавиад "Сайн бариарай, цай алдвал алдас болно" хэмээгээд тогоон дотор буцалж буй цагаан өнгөтэй халуун ундааг том мөнгөн аяганд нь аялгалан өглөө.
- За цайгаа асгав даа. Ханзан дээр суу гэж хэлээд өөртөө мөнхүү том мөнгөн аяганд цай аягалж аваад зэрэгцэн суув.  Гүнж "гарын цай" гэсэн үгийг тунгаан, энэ цагаан өнгөтэй зүйл цай л юм байхдаа гэж бодлоо.  Өдий наслахдаа ногоон, улаан, үлүн, шар гэсэн навчит цайг л уудаг байсан учраас ихэд хачирхалтай санагджээ. Эмэг эх нь аягалсан цайгаа хэд ойчилсноо
- Үүнийг сүүтэй цай гэдэг юм. Цайн дотроо сүү хийж буцалгасан цай. Монгол хүмүүс энэ цайг амтархан уудаг. Чи ч гэсэн ууж үзэгтэн гэж хэлээд харцаа гүнж рүү чиглүүлэн уухыг нь хархаар хүлээв. Гүнж ямар нэгэн зүйл бодсонгүй шууд ууж үзэхэд ер бусын хачин сонин, эгэл, дотно амт, мэдрэмж хослон мэдрэгдэнэ. Урьд нь яагаад ч юм ууж үзэж байсан юм шиг, нэг л дотно амт.
- Ухайс даа, сайхан амттай байгаа биз? гэвэл гүнж "Тийм байна" гэж эвлэгхэн хариулав. Эмэг эх нь түүнийг өхөөрдөн харж цайнд нь нарийн савхан боорцог хийж өглөө. Гүнж цайгаа амтархан уусаар л... Тэрээр онцгой, дотно амтыг ойчих тоолондоо мэдрэх нь өөрт нь туйлын таатай байх аж. "Охин минь" гэж эмэг эх нь түүнийг дуудахад гүнж цайгаа ширээн дээр тавиад эмэг рүүгээ харав. Эх дагина ямар нэгэн зүйлийг хэлэх гэж байснаа больсон бололтой уртаар санаа алдаснаа үргэлжлүүлэн цайгаа уув. Бодол, ухаарал, ухаанаар дүүрэн мэт харагддаг гүн бор нүд нь ямар нэгэн зүйлийг хадгалаад байгаа юм шиг гүнжид санагдана. Чухал зүйл л хэлэх гэж байлаа даа хэмээн гүнж бодлоо.

✧ ✧ ✧

Өргөн цэлгэр ногоон тал үргэлжилж, хөх тэнгэртэй хаяа нийлэн уулзах мэт харагдах нь юутай сайхан.  Талын зөөлөн салхи хацар нүүрийг элбэн үлээж, хун шувууд нуурийн уснаа хос хосоороо сэлцгээнэ. Хэдэн өдрийн өмнөөс энэ хөндийд манжийн бүлэг албатууд цуглаж төрийн ёслолд бэлтгэн, асар майхан барьцгааж эхлэсэн байна.
Сүндэрлэн боссон асар том алтан шаргал өнгөтэй майханы өмнө газарт суулгасан нэгэн чулуун хөшөө байх агаад хөшөөн дээр "Энэрэнгүй өршөөлт Энх Амгалан хаан" гэж бичсэн байх ажээ.

Хэдэн өдрийн дараа олон хүн эл газарт ирсэн бөгөөд Манжийн хаан мөн хүрэлцэн ирэв. Манж сайд түшмэд алтан шаргал асар майхны өмнө цуглацгааж, үе үе хөхрөлдөнө.  Зарим нэг сайд чанга дуугаар ярихад өөр бусад нь түүнийг сонсох авай. Луун бүрээг бүрээдэхэд, өргөөнөөс хаан эзэн гарч ирэв.
- Хаан эзэн түм насал, түм түмэн наслах болтугай гэж хэмнэлтэй гэгч нь чанга дуугаар хэлэв.
- Ёслол эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна, Халхын ноёд хэзээ ирнэ гэнэ? Сураг чимээ ирсэн үү гэж асуухад хөгшин буурал нэгэн сайд гараа хавсран
- Морь цагт Долоннуурт бүгд ирцгээнэ гэж хэл дамжуулсан гэж хариулаад толгой гудайлган бөхийв.
- Энэ ёслол манай Манж Дайчин Гүрэнд туйлын чухал. Эзэн хааны сүр хүч, энэ төрийн эд баялаг, энэрэнгүй нигүүлсэнгүй байдлыг илтгэх ёстой. Тийм байж гэмээнэ Халхын ноёд бидний атганд бүрнээ орох учиртай гэж хэлэхэд манж сайд түшмэд нар "Жаа" хэмээн зэрэг дуугарцгаав.

Морь цаг гэхэд хэдэн зуун ноёд түшмэд, бараа бологчидтой хүрэлцэн ирлээ.  Ирсэн хүмүүсийн байр байдлыг ажиглаваас хамгийн сайн морь, хамгийн сайхан дээлээ өмсөж ирсэн байлаа. Тэд өөр хоорондоо ярилцаж, үе үе толгой сэгсрэн, зарим нэгнийх нь царай нь нэлээн базаахгүй харагдана.  Төд удалгүй манж түшмэдүүд тэдэн дээр ирж тусгайлан бэлтгэсэн ёслолын суудалд суухыг урьлаа.

Луун бүрээг хоёронтоо бүрээдэхэд манжийн эзэн хаан Энх Амгалан, их хатны хамт сүр жавхаатайгаар сэнтийдээ залрав. Дотоод монголын ноёд болон манж ноёд суудлаасаа босцгоон хаан эзний сүрийг хүндэтгэхэд харин ганц Халхын ноёд л суудал дээрээ суугаастай үзэгдэх авай. Сэнтийн өмнө нэгэн манж сайд  очиж хаан эзнээс алтан өнгийн торгон дээр бичсэн хуйлаастай зарлигийг хоёр гардан авч, хуйлаасыг дэлгэн дуудаж эхэллээ.

"Луун удамт, Энэрэнгүй Өршөөлт Шэн Зү Хуандийн гучдугаар оны хаврын адаг сарын шинийн хоёрны өдөр.
Тэнгэрийн тааллаар Дайчин Гүрэн мандан бадраж, энэрэнгүй төрийн ивээл буянаар энэ дэлхийн түмэн амьтан төвшин амгалан дүүрэн жаргалтай амьдарч, алтан луугийн ивээл хайр ард түмэнд илэрхийлэгдэв.  Манж Дайчин Гүрэн нь Халх Монголыг ивээл хайрандаа харамгүй багтааж, энэрэн нигүүлсэж явсан бөгөөд залхай хулгай Галдангийн түйвээнээс аварч хамгаалан ирсэн буй.
Ерөөл буян тэнцсэн эл өдөр Халх Монгол хэмээх нэгэн гэр нь газар нутаг, хүн ардтайгаа МАНЖ ДАЙЧИН ГҮРНИЙ харьяат ард болсны учир Энэрэнгүй Өршөөлт хаан миний бие өөрийн ивээл хайр, хишиг буянаа харамгүй шагнасү.
Бурхан шашны мөрийг чинь хүндэлж Богд тэргүүнийг нэхэн өргөмжилөөд, Халх аймгийн хан цолыг чинь хэвээр нь үлдээн хэргэм зэргээр шагнасугай. Энэ сайн цагаас хойш хамаг амьтан луугийн гэрт жаргамуй" гэж сайд уншиж дуусаад зарлигийг хуйлан хааны хажууд очиж зогсов. Халхын ноёд дор бүрнээ ямар нэгэн зүйлсийг ярилцах бөгөөд  хаан эзэн тэднийг нүд цавчилгүй ширтэх авай. Алтан нарны туяа нуурын мандалд тусахад дөлгөөн усан аргагүй сайхан мэлтэлзэж, Долоннуурийн үзэсгэлэнт хөндийд анир чимээгүй ноёрхлоо.

No comments:

Post a Comment