✧ Эхлэл
Энх Амгалангийн арван наймдугаар он.
Усны гурван түмэн хэмээн нэрлэгдэж байсан Зүрчид угсааны манж нар хүчирхжин, Манж Дайчин хэмээх төрт улсаа байгуулж, ойр орчмийн угсаатангуудыг өөртөө нэгтгэж байсан цаг. Дотор газрын ард иргэд нэгэн зууны турш тал нутгийн Монголчуудаас сүрдэн айж, тэдний удирдлага захиргаан дор аж төрж байсан бол одоо хагас нүүдэлчин манж нарын захиргаанд харьяалагдах болоод хагас жарныг илээжээ.
Бээжин хотын төвд сүндэрлэсэн Хориотой хот. Энгийн ард байтугай, эрхэм түшмэд ч хааяа зочилдог энэхүү хот нууцаар дүүрэн бөгөөд басхүү баяр жаргалын уухай хааяа сонсогдоно. Хааны хатад, татвар эмс хаалттай хотын баруун ордоор нийтээр сууцгаах бөгөөд өнөөдөр тунчиг хөл хөдөлгөөн ихтэй байх авай. Ерөөлт Асар ордны шивэгчин нар хоол унд нааш цааш нь зөөж, халуун ус, цайны навчийг ширээн дээр өрнө.
Дорны ногоон цайны үнэр хамар сэнгэтэл үнэртэж, элдэв янзын амттан тэргүүнтнүүд хээ хуараар чимэглсэн тавган дээр тавигдан, хаш чулуун ширээн дээр өрөөстэй үзэгдэнэ. Нил ягаан өнгийн торгоор урласан манж дээл өмсөж, манж гоёлоор үсээ чимсэн хорин тав гаруй насны ахайтан өнгө алагласан дэвүүр барин, дагуул шивэгчнээрээ хөтлүүлэн өргөөнд морилов. "Бага хатан ирлээ" хэмээн тайган зарлахад
- Морь цагт ирээрэй гэж өчигдөр тайганаар үг дайлгуулсан. Бага хатан ч яг цагтаа ирлээ хэмээсээр төв асраас гуч дөнгөж гарч яваа болов уу гэмээр ахайтан гарч ирэв. Тод шар өнгийн торгон дээл өмсөж, алтан гарди шувуут манж гоёл зүйсгэлээр тэргүүнээ чимсэн буй.
- Их хатантанд энэ өдрийн мэндийг айлтгая, бие лагшин тунгалаг уу? хэмээн мэнд мэдэв.
- Нуурын цэнгэг уснаас ч илүү тунгалаг байна. Ширээнд морил гэлээ.
Өргөөнд морилсон бага хатанг Лирэнгио гэх агаад Энх Амгалан хааны зургаадугаар бага хатан юмсанжээ. Хатан саяхан хөл хүнд болсон тул энэхүү баярыг тэмдэглэхээр их хатан өргөөндөө дуудуулсан нь энэ аж.
- Саяхан би ордны Жан дайфүүгаас чамайг хөл хүнд болсон гэж сонслоо. Хааны ураг нэмэгдэж буй сайхан хэрэг. Тогтсон ёсоор чамд баяр хүргэж, төрөх үрд чинь ерөөл тавихаар энд ирүүлсэн юм гэж их хатан хэлэв. Арван дөрвөн насандаа их хааны хатан болхоор Хаалттай хотод ирж, ордны хатуу дэг жаяг, сургаал номлолыг сурсан энэ хатан хал үзэж, хашир суусан нэгэн. Хааны хатан болоод хорин жил өнгөрсөн ч үртэй болж чаддаггүй ажээ. Дотор газрын хамаг сайн оточ, маналыг залж авчран эмнүүлсэн ч тусыг эс олов. Хааны олон бага хатдын дундаас Лирэнгио хатанд тун дотно хандаж, хайр ивээлдээ багтаасан аж.
- Хатантаны хишигт талархаж байна. Хааны олон хатдын дундаас онцолж мөхөс намайг таалдаг тань би туйлаас баярладаг хэмээн даруухнаар хариулав.
- Ёсорхуу байх хэрэггүй Лирэнгио минь. Угаас хоёул төрсөн эгч дүүсээс ялгаагүй болсноос хойш ингэж ёсорхох хэрэггүй ээ. Харин үе үе ирж эгч надтайгаа хөөрөлдөж, сэтгэлээ нээж байвал зохино хэмээн их хатан ихэд дотноор хэллээ. Бага хатан хариу дотноор инээмсэглэнэ. Шувуудын жиргээ, мододын найгах чимээ ярианд улам өнгө нэмэх аж.
- Би өөрийн их дайфүүг чамд өгье. Одооноос биеэ сайн тордож, өөрийгөө хатамжил. Луун ураг, гардийн биед бий тул ихэд болгоомжтой байх хэрэгтэй. Хатан би хэдий үрийн зулай үнэрлэх хувьгүй ч дүү чиний үрийг өөрийн үр хэмээн дотночлон үздгийг санаж миний үгийг зарлиг болгон тогтоогоорой. Ойлгосон уу?
- Мэдлээ, хатантаан
- За за, Тунгалаг асраас наашаа алхаж ирэхэд хол. Ядарсан байлгүй. Дүү чамд зориулж би Манжуураас захиж авчирсан ховор цай бэлдсэн. Бас энэ ширээн дээр өрөгдсөн бүхэн чамд зориулсан тул сайн ид. Саран еэвэнг би өөрийн гараар хийсэн гээд еэвэнгээс аван бага хатанд барьлаа. Хоёр хатан өөрсдийн амьдрал, ойрд тохиолдсон зүйлсээ харилцан ярьж, үе үе хөхрөлдөнө.
✧ ✧ ✧
Хаалттай хотын төв ордонд Энх Амгалан хаан түшмэдтэйгээ зөвлөлдөн байх ажээ. Найман баганаар тулсан сүрлэг ордоны голд хааны луут сэнтий байх агаад хаан сэнтийдээ залран, ихэд бодлогоширон байв. Түшмэд толгой бөхийлгөн чимээгүй зогсоно. Хаан:
- Хаан эцгээс Дайчин гүрний төрийг аваад даруй арван найман он өнгөрчээ. Дайчин гүрний эзэмшил нутаг өдөр ирэх тусам тэлж буй нь Тэнгэр бурхан биднийг ивээснийх биз. Одоо бид тал нутагт оршин байх нүүдэлчин угсаатныг өөртөө нэгтгэх л үлдээд байна хэмээхэд сэнтийн доор зогсох түшмэл:
- Их Говийн монголчууд өвөг хааны үед бидэнтэй нэгдэн, дагаар орсон. Өнгө мөнгө, эд баялагаар тэднийг хууран өөртөө татсан ухааныг өвөг хаан Нурхач тунчиг мэргэн ашигласан. Талын нүүдэлчдийг морьноос нь буулгах хэцүү. Хэрвээ тэд морьноосоо буувал бидэнд хялбархан дийлэгдэнэ. Тэднийг морьноос буулгах аргыг мөхөс би бодож олсон хэмээв.
- Тэр чинь тэгээд юу юм дээ? гэж хааныг асуухад
- Шашнаар мунхруулах гэж хариулав.
- Тиймээ, тэр аргыг би аль эрт бодож олсон ч одоогийн нөхцөл байдалд таарахгүй. Энэ арга тэднийг өөртөө нэгтсний дараа л нэгэн захиргаанд оруулахад тустай юм гэж хаан хэлээд уртаар санаа алдлаа. Ордонд анир чимээгүй. Үе үе жиргэх бор шувуухайг дууг эс тооцвол дуу анир сонсогдохгүй аж. Өөр нэгэн түшмэл:
- Өвөр хооронд яс хаяж, сөргөлдүүлье. Бид харин өчүүхэн яс шидээд, тэднийг яахыг нь харан сууя гэж хэлээд үл ялиг жуумалзав. Хаан сахлаа эмэрч хэсэг сууснаа луун сэнтийгээсээ босож:
- Хаан би маргааш Халх монгол явна, даруй бэлтгэл базаа гэлээ.
✧ Зуны тэргүүн сарын хорин долооны өдөр
Залуу насных нь чимэг болсон хар үс нь цал буурал болсон нэгэн настайвтар ахайтан бараа бологч нартайгаа яаран явна. Баруун, зүүн гарнаас нь үнэнч шивэгчид нь хөтлөн түүнийг дагуулах ажээ. Баруун гарын шивэгчин лүүгээ харан:
- Агь төрсөн үү, гэгэ төрсөн үү? хэмээн ахайтан сонирхон асуухад Гэгэ төрсөн гэж хэлээд үл ялиг инээв. Ахайтан урьдаас мэдэж байсан юм шиг царайнд нь инээмсгэлэл тодорч "Гэгэ төржээ, гэгэ" хэмээн дотроо шивнээд "Бид түргэлэх хэрэгтэй" гээд улам түргэн алхална.
Замд тааралдсан татвар эмс, шивигчид болон тайганчууд настай ахайтанд ёслон мэхийж, сүрийг хүндэтгээд зүг зүгийн газар руугаа явцгаана. Яаран алхаж буй энэхүү ахайтан амьдралынхаа олон жилийг ордонд илээжээ. Залуу халуун насандаа хээр тал, уул тайгаар гэр хийж, нүүдэлчин заншилаа сахиж байсан авч гэнэт л нэгэн өдөр Дээд Эрдэмт хааны их хатан өргөмжлөгдөөд, хавчигдан сууцгаах бараан ордонд иржээ.
"Хэдэн сарын өмнө зүүдлэсэн тэр зүүд ч яг мөн дөө. "Гарьд шувуу"" гэж ахайтан дотроо бодож, учир шалтгааныг олох гэж хичээнэ. "Гарди шувуу" хэмээн амандаа шивнэв.
Хааны ордонд хөгжин цэнгэлдэх явдал ховор тул төлөгч эмээр мэргэлүүлэн ач буянаа мэдэж, элдэв зураг зурхай зэргээр өөрсдийгөө баясгах нь энгийн үзэгдэл ажээ. Гэгэ, гүнж нар ордны элдэв хов живийг шивэгчид болон тайганчуудаар яриулан бага ч атугай сэтгэлийн баясал эдлэн, үе үе Жон Хэ цэцэрлэгээр зугаална. Дэлбээгээ нээж, өнгө алагласан цэцгүүд бараан ордныг чимэн, уйтгар гунигаар дүүрэн асар өргөөнд сууцгаах хатад, татвар эмс болон түүний албат дагуулуудын бага ч атугай сэтгэлийг нь баясгана. Босго нь өндөр мөн, ороход хэцүү, орсон бол гарч болдоггүй хориотой хотод хааяа нэг баярт өдөр тохиож бусдадаа бол гандаж буй цэцэг гэлтэй өдөр хоног өнгөрөх авай.
Түмэн наст ордныг өнгөрөөд байтал шивэгчин бүсгүйчүүл халуун устай түмпэн барин Сэрүүн асар луу түргэн түргэн алхаж байх нь үзэгдэв. Туслах шивэгчин нэгэн залуу шивэгчинг дуудуулж ирүүлээд ахайтны өмнө зогсоолгов.
- Гололо овогтны бие ямархуу байна? гэж ахайтан асуусанд шивэгчин нам дуугаар
- Хатны бие морин цагаас хүчтэй өвдөөд, одоогоор ухаан алдан байна гэж хэлэв. Ахайтаны царай нь барайсхийж
- Нялх гэгэ яаж байна ? хэмээн сандран асуухад
- Гэгийн бие лагшин тунгалаг, одоо нойрсож байгаа хэмээв. Ахайтны сэтгэл түгшин бага хатанд санаа зовнин, нялх гэгийг өрөвдөв.
- Гололо овогтныг хариуцсан дайфүү ирсэн юм уу? Ямар эмчилгээ хийж байна? гэхэд
- Дайфүү туулай цагаас хойш хатны биеийг үзээд, одоо зүү тавин эмчилж байгаа ч үр дүнгүй байна гэж шивэгчин хэлэхэд ахайтан яаравчлан асар өргөө лүү орлоо.
Өргөөний баруун талын өрөөнд урт гуалин модыг чамин хээгээр сийлбэрлэсэн орон дээр бага хатан ухаан балартан хэвтэн, хажууд нь түүний оточ Жан дайфүү судсыг нь анхааралтай барин зогсоно. Ахайтанг өргөөнд орж ирэхэд Жан дайфүү хүндэтгэл илэрхийлээд ийнхүү хэлэв.
- Бага хатан хүндрэлтэй төрж, их хэмжээгээр цус алдав. Цус их алдаснаас болоод ухаан балартаж сэргэхгүй байна. Мөхөс би зүү тавьж, биеийн цэг дээр нь дарсан ч байдал сайжирсангүй. Хэрэв энэ маягаар бич цаг хүртэл үргэлжилвэл... гээд дуугай хураан, толгойгоо гудайлган зогссонд ахайтан:
- Бич цаг хүртэл байвал яана гэж хэмээн бачимдан асуухад
- Хатан луугын оронд заларч магадгүй гэв. Ахайтны бие тавгүйрхэхэд шивэгчид нь түүнийг сандалд суулган цай аягалан өглөө.
"Хаан эзэн халх монгол уруу яваад байх хойгуур ийм хэрэг тохиолдож байдаг. Төлөгч эмийн үг үнэн болвол..." гэж дотроо бодон сэтгэл санаа нь улам тавгүйрихлээ.. "Гэгийг надад аваад ир" хэмээн ахайтанг хэлэхэд өргөөний шивэгчин гурван давхар торгон өлгийгөөр өлгийдсөн нялх гэгийг ахайтанд авчирав. Гэгийн царай ажиглан харваас тунгалаг цагаан арьстай, хэлбэр сайтай хамартай аж. Манж угсааг нь илтгэсэн өтгөндүү хар үстэй охин үр өлгийндөө үнэгчлэн унтаж байх авай.
“Их хатан морилон ирлээ” хэмээн тайганы дуу сонсогдоход их хатан өргөөд орж ирээд ахайтанд дөхөн ирж "Их дагинаны амрыг эрье" хэмээн мэнд мэдэв. Хатан ч өрнөж буй байдлыг ажиглан мэдээд Сэрүүн асар өргөөнд ирсэн нь энэ бөгөөд их дагинаны царай баргар байгааг ажиглаад байдал бишидснийг олж мэдэв.
- Жан дайфүү чи ямар нэгэн байдлаар хуурай дүүгий минь амийг аварч аль. Хэрвээ тэгэж чадахгүй бол хар толгой чинь мөрөн дээрээ үлдэхгүй гэж бод хэмээн зандрангуй хэлээд цааш нь:
- Манж арга хэрэглэсэн ч үү, хятад арга хэрэглэсэн ч үү даруйхан эмнэж, амийг нь авар хэмээв.
Жан дайфүү бага хатны судсыг барьж, зүүгээ халаан амин цэг дээр нь тавьж, биеийн хэсгүүдийг эрхий хуруугаараа дарсан ч тусыг эс олов. Судасны хэмнэл нь улам бүр багасан байх бага хатны амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, амьдрал үхлийн зааг дээр тулж ирлээ. Их хатан бага хатны гараас чанга атган, нулимс дуслуулж, их дагина гэгийг тэврэж, сэтгэл түгшин сандал дээр сууна. Ялам моддын мөчир салхины аясаар хөдөлж, төд удалгүй салхи ширүүсэн үүл хуралдана. Жихүүн салхи гэнэтхэн үлээж байх үест хатан сэргэлээ. Бие нь сульдан, арьс нь хүрэнтэж, арайхийж зовхио өргөн нүдээ нээгээд хажуудаа байх их хатныг харан инээсхийгээд:
- Эгчээ, бяцхан охиныг минь өсгөж бойжуулан гүнжийн зэрэгт хүргээрэй гэж хэлээд ухаан балартан бич цагт луугийн орондоо заларчээ.
Хааны ордонд гашуудан уйлахыг цээрлэдэг тул хатан арга буюу хөмхийгөө зуун, нулимсаа дуслуулан, эх дагинаас охиныг аван цээжиндээ тэврээд гурвуул өргөөнөөс гарав. Өдөр бүр шинээр нэгэн зүйл мэндлэн, өөр нэгэн зүйл нь хорвоогоос оддог жам ёсны үйлийг хэрхэх билээ. Хатан орд өргөөндөө орж ирээд судар авч ийнхүү бичжээ.
“Энх Амгалангийн арван наймдугаар оны зуны тэргүүн сарын шинийн есны өдөр хайрт дүү Горло Лирэнгио нас нөхчсөн авч, алтан амьтай нь тэнцэх бяцхан охин Хичээнгүй Амарлингуй гүрэнд эсэнлэв.”
No comments:
Post a Comment