2014-05-24

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - II

Өвгөн багшийн ухаан саруул, яриа цэгц, бичигт гүн нэвтэрсэн жинхэнэ эрдмийн хэтийдсэн мэдлэгтэй хүмүүн ажээ. Хятад, монгол, төвд бичигт мэргэн агаад тооны ухаан, одон ороны ухаан судлаж асан. Хориотой хотод ирхээсээ өмнө олон арван шавь нараа нэг дээвэр дор цуглуулаад Манжуурт "Бичгийн хүрээлэн" байгуулж, ард олонд бичиг ном заадаг байжээ.

Бор ордонд ирээд хоёр оныг үдэж, гүнж ахайд үсэг зааж, дорны найрагчдын шүлэг дуу цээжлүүлсэн өдрүүд үргэлжилсээр.   Вэй, Тан, Сүн, Ляо улсын алдарт шүлэгчдын шүлгээс суран, бяцхан ухаандаа цээжилсэн гүнж нэгэн өдөр хачин сонин асуултыг өвгөн багшаасаа асуусан аж.
- Багш минь, нэгэн шүлгийн үсэг хэцүү, утга нь гүн тул гүнж би ойлгосонгүй гэхэд хэмээгээд шүлгийг уншиж өгчээ.
Гайхам амттай шөл хийхээр
Ган тогоонд Буурцаг чанах ахул
Гандсан Иш нь гал өрджээ
Тогоон дотор чанагдан буй буурцаг
Гаслант дуугаар мигшиж асан
Гансарсан дууг нь сонсон үзвээс
Өрдсөн галан дундах
Өөрийн төрөлдөө үг хэлэх ажгуу
Гандсан Иш минь сонсож болгоо
Ганцхан амийг минь өршөөж болгоо
Нэг хөрснөөс цугтаа ургаж
Нэгэн үндсээс эхлэлтэй бус уу
гэж уншиж дуусаад багш руугаа харж, ямар нэгэн хариу хэлхийг нь хүлээв.
Багш нь нэлээн бодосхийгээд, гүнж үүний учрыг ойлгох болов уу даа гэсэн харцаар түүнийг ажин харснаа
- Эрхэм гүнж минь, энэ бол Гурван улсын "Вэй" улсын хунтайж Цао Жи гуай бичсэн Чи Бү Ши хэмээх Долоон алхамын шүлэг юм. Эрт цагын Гурван улсын үед амар амгалан цаг бага тул, өдөр бүр дайн байлдаан ихтэй. Хунтайж Цао Пи дүү Цао Жигийн хаан орыг булаан их суудалд нь суугаад, дүүгээ ордондоо дуудаж өмнөө бөхрүүлээд айхтар хүнд зарлиг буулгасан аж. Зарлигийг ухаж үзвээс "Долоон алхамын дотор шүлэг зохиохгүй бол хар толгойг чинь авна" хэмээсэн аж гэж хэлээд багш хэсэг чимээгүй болов. Гүнж ахай учир шалтгааныг бүрэн ойлгож байгааг нь ажиглан, түүний хэрсүү сэргэлэн зангий нь гайхан баясаад цааш үргэлжлүүлэв.
- Цао Жид цаас бийр өгсөнгүйгээр барахгүй, зарлиг тэр дороо хэрэгжсэн тул арга ухаан сийлэн байж энэ шүлгийг зохиосон гэдэг. Буурцаг болон буурцагны иш нэгэн үндэстэй, тэр үндэс нь хөрсөнд байдаг тухай өгүүлсэн ба Цао Жи өөрийгөө буурцагтай зүйрлэж, ахыгаа буурцагны иштэй зүйрлэсэн ажээ. Өөрөөр хэлбэл нэгэн эхээс төрсөн байж юунд намайг алах гэж завдана вэ хэмээн зарга мэдүүлсэн утгатай аж.
- Шударга бусыг үйлдэгч нэгэн гарцаагүй байдалд орон Цао Жигийн амийг өршөөсөн болов уу хэмээн гүнжийг асуувал
- Тиймээ, хожим Цао Жи олон шүлэг тэрлэж, зохиол бичиж ихэд алдаршсан юм гэж өвгөн багш хариулав.
- Төрийн сэнтийд гарсан хүн яагаад ийм хатуу сэтгэлтэй болдог юм бол багш минь? гэж асуугаад цааш нь "Хэрвээ би төрийн өндөрлөгт хүрэн очих хувь тохиовол, ард иргэдээ төвшин сайхан байлгах болно" гэж нэмэн хэлэв. Багш үүнийг сонсоод гүнжийг гайхан харж, урт цагаан сахлаа илээд, үнэнхүү хэрсүү ухаантай охин юм гэж бодлоо.
- Эртнээс нааш, одооноос хойшид "Төр төмөр нүүртэй" гэдэг үг байдгийг санах нь зүйтэй юм. Улс гүрэн өнгө алагласан цэцэг мэт дэлгэрч, дэвжихийн тулд хатуу чанга арга ухааныг шаардах тул зарим үед төмөр мэт хатуу нүүрийг гаргаж байх учиртай. Цао Пи хэдий Вэй улсын суурийг булаасан ч гэлээ, чанга хатуу арга ухаанаар улсаа мандуулж чадсан юм аа гүнж минь гэлээ. Ийнхүү хэлээд өвгөн багш нь уртаар санаа алдан, нүдээ анин хэсэг зогсов.
Багшийн хэлсэн үг гүнжийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул энэхүү үгийг зүрхэндээ нандигнан хадгалаад, төрийн хэрэгт оролцох хувь тохиовол гүнж би бүх эрдмээ Ариун Их төрдөө зориулж, манж угаа мандуулах болно гэж сэтгэжээ.

✧ ✧ ✧

Цагаанаар будсан дээвэр дээрх цасан хайлан саарал шавран дээвэр гарч ирэх нь урин хавар ирсний дохио болох ажгуу. Бор шувуухайн жиргээ урин хавартай зэрэгцэн ирж, энд тэнд сонсогдох нь сонсголонтой.
- Их Дагина та намайг дуудуулаа юу? хэмээн өвгөн багшыг хэлбэл
- Тиймээ, ёсорхох хэрэггүй дээ ах минь. Ийшээ морил гэж том цагаан өргөөндөө оруулав. Хамар цоригсон үнэртэй, аагьтай сайхан ногоон цайг аягалан өгөөд ахайтан ийнхүү өгүүлрүүн:
- Хатан намайг очсон өдөр ах та хоёр нэлээн утга учиртай зүйлийг хөөрөлдөн ярьж байсан тул би орж зүрхлэсэнгүй, тэгсхийгээд яваад өгсөн юм гэж хэлээд аягатай цайгаа хэд ойчисноо,
- Одоо гүнжид хятад бичиг, үсэг заах нь хангалттай гэж би бодож байна. Ах та одоо түүнд монгол хэл зааж сурга. Яваандаа сайн сураад ирхээр нь төвөд бичиг, тангад ном зааж сургавал зүгээр гэж хэлбэл өвгөн багш нэлээн гайхсан янзтайгаар
- Хатан минь, монгол, төвөд хэлийг заах хэрэг юунсан билээ? Одоохондоо монголыг бүтэн эзлээгүй байгаа тул тэгэж яарах хэрэг юун. Гүнж хүн төрийн хэрэгт оролцох хувьгүй тул тийн хоёр бичгийг ёсчлон заах нь ашиггүй бус уу? хэлэхэд
- Ах минь, харин ч тэр тусмаа. Хожмын нэгэн өдөр гүнж хүн ч улсынхаа төлөө явах шаардлага урган гарч, үүргээ ёсчлон биелүүлэн ухаант сайд, мэргэн түшмэдээс ч илүү алдар гавьяа байгуулж магадгүйн учир яаравчлан зааж сурга гэв. Өвгөн толгойгоо дохиж чимээгүйн суун, Их Дагиныг дахин юм хэлэх болов уу хэмээн бодож байлаа. Хоёул цайгаа тамшаалан уугаад байтал ахайтан:
- Хааны ордны "Нууц номын сан"-д морилох эрхийг багш танд би гаргаж өгнө. Тийшээ ороод монгол судруудыг олж судла. Судлаад хамгийн хэрэгтэй гэсэн алив ном судрыг гүнжид аваачиж өгөөд зааж сурга. Миний санахад тэнд нэгэн үнэт судар байх ёстой. Түүнийг олж мэд хэмээн захирангуй хэлэхэд өвгөн багш их сүрээс айж сүрдэн
- Жаа, ёсоор биелүүлье гэлээ.
Цайгаа ууж дуусгаад, Их Дагина алтан пайз гаргаж өгсөн бөгөөд өвгөн багш пайзыг хатны гараас хоёр гардан тосож аваад, хүндлэл үзүүлээд гарч одлоо. Баруун ордноос шууд Түмэн наст өргөө руу зүглэн байхдаа элдэв бодол болж ямар судраас хичээл орж, монгол хэл заахаа эргэцүүлсээр "Нууц Номын Сан"  хэмээсэн том ордоны үүдэнд тулж ирэв. Өргөө бүхэлдээ манж торгон цэргээр хамгаалуулсан, өндөр хана хэрэмтэй, нэгэн бодлын битүүмжилсэн ордон мэт үзэгдэх авай. Торгон цэргийн захирагчид өнөөх алтан пайзыг үзүүлвээс өвгөн багшийг шууд нэвтрүүлэн, ном судар олж эрэхэд нь туслах хоёр тайганыг дагуул болгон явуулав.

Орд өргөө рүү нэвтрэн орвол хоёр тал таван давхар эгнээлсэн тавиурууд байх бөгөөд тэдгээрээр дүүрэн судар бичиг өрөөстэй харагдана. Ямар ч цонх байхгүй тул бага зэрэг харанхуй болов ч өргөөний адраас өлгөсөн дэнлүүн гэрэл тодоос тод гэрэлтэх аж. Нээрээ л НУУЦ НОМЫН өргөө юм даа гэж өвгөн багш дотроо бодоод дэнлүүг ажиглан харваас дэнлүүний гал үсэрч ойгоод ном судар шатаахвий гэсэндээ хэдэн давхар цаасаар сайн гадарласан байх нь харагдана.

Монгол судар гэж бичиглэсэн нэртэй тавиур дээр очиж үзвээс хятад, монгол, перс болон өвгөн багшийн ч олж үзээгүй үсгээр тэмдэглэсэн судар харагдах бөгөөд туйлын сонирхолтой санагдав. Түүнийг насан залуу байхад перс хэл дээр судар бичиг олддоггүй байсан тул сурах хүсэл байвч, судар нь олдохгүй тул арга буюу орхисон байна.  Харин одоо тэрхүү хэлээр бичигдсэн судар байдгыг олж ихэд баярлажээ. Тэндээс дөрвөлжин үсгээр бичиж, ханз үсгээр галигласан Юань Чао Ми Ши гэж бичсэн судрыг ихэд нандигнан аваад хоёр гар дээрээ тавьж сэтгэл бахдан харснаа хажууд зогсож байсан тайганд өгөв. Дараагаар нь сонирхолыг нь ихэд татсан перс хэл дээрх судрыг авч толгойндоо хүргэж адис хүртээд гартаа барин дахин судар хайж эхэлвэй.

Хэдэн зуун жил энэ тавиур дах судар номыг ашиглаагүй болол уу гэмээр хуруу зузаан тоосонд дарагдан байх нь өвгөний сэтгэлийг өөрийн эрхгүй гашуудуулав. Ном судар бол агуу үнэтэй баялаг тул, ихэд хайрлан дээдлэх хэрэгтэй гэж хэлж байсан цал буурал багшынх дуу одоо ч чихэнд нь сонсогдох шиг болов. Гучин гаран судрыг ээлж дараалан үзэж хэрэгтэй гэснээ тайганд өгч бариулан, чухал шаардлагагүй боловч хожим шаардлагатай гэж үзэснээ ханцуйгаараа тоосыг нь арчиж тавиурт нь цэгцэлж буцаан тавив. Тийнхүү ялгаж, ангилаад байж байтал Алтан торгонд баринтаглаж боосон алгын чинээ судар олдсныг нээн үзвэл эртний монгол бичгээр "Энэ цагын агуу үндэстний дуун ухаан хэмээгч Зүрхэн тольт оршвой" гэж бичсэнг тайлж уншаад магнай хагартал баярлаж, өмнөх бүхнээ хурдхан цэгцэлж янзлаад тайганаас тэвэр дүүрэн судраа авч өргөө орд лугаа яаравчлан буцсан ажгуу.

No comments:

Post a Comment