2014-05-25

Монгол бичиг заахад учир бий шүү, Багш нараа!

Манай найзын дүү өнгөрсөн жил 7-р ангид элсэн суралцлаа. Шинэ шинэ хичээл нэмэгдэж орсны нэг нь МОНГОЛ БИЧИГ. Өнөө жаалхүү чинь Монгол бичгийн хичээлдээ ёстой дургүй. Монгол бичиг гэхээр л сэтгэл санаагаар унаад, хий нь гарсан шаар шиг л болоод өгнө. Ямар учраас вэ?
Жаалхүүд Монгол бичиг ордог багшаас л бүх зүйл эхлэлтэй байгаа юм. Эхний өдрөөс л хэцүү бэрхийг нь дурдаж, босоо цэх бичиж чадахгүй бол оноо хасна хэмээн сүрдүүлжээ. Ийм байхаар яаж ирээдүй үе маань бичиг үсгээ бүрэн сурах вэ дээ. Хөөрхийс.

Мань багш харин "Монгол бичиг бол Монгол үндэстний соёлын охь, оюуны манлай. Та нарын өвөг дээдэс энэ бичиг үсгээрээ найман зууныг дамжин харилцаж ирсэн юм. Найман зууны түүх энэ л бичиг дээр бичигдсэн." хэмээн ярисан бол зохистой байх байлаа. Гэвч тэгсэнгүй нь харамсалтай яа.

Надад Монгол бичгийн анхны үсгийг зааж өгсөн багшаа хэзээ ч мартахгүй. Хэнтий аймгийн уугуул Батдэлгэр гэдэг буриад багш байсан. Монгол бичгийг онцлог, гуа сайхныг ёстой л нүдэнд үзэгдэж, зүүдэнд ортол урнаар дүрсэлж, хэзээ ч мартаж болохгүй шүү хэмээн "Хүмүн" гэж бичүүлдэг байж билээ. Хүн шиг босоо бичиг учраас л "Хүмүн" гэж бичүүлж байгаа юм. Үргэлж дээшээ дэвжин дээшлэхийн ерөөлтэй сайхан бичиг.

Ямар ч байсан хүүхдийн үндэсний ухамрсарыг дээшлүүлэхийн тулд МОНГОЛ БИЧГИЙН хичээлийг сонирхолтой аргаар заах ёстой. Тэрнээс хүүхдийн зүрхийг үхүүлж байгаа аятай хэцүү бэрх хэмээн хэлж, зааж хэрхэвч болохгүй. Хэрвээ эрхэм багш та тэгэж заадаг бол "ТА ЗҮГЭЭР МОНГОЛЫНХОО ЭСРЭГ ТУРХИРЧ БАЙГАА МОНГОЛ" байна.

ҮҮНИЙГЭЭ НЭН ДАРУЙ ЗОГСООНО УУ.

МОНГОЛ СОЁЛ, МОНГОЛ БИЧИГ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!


No comments:

Post a Comment