2014-06-05

Толь бичгийн тухай хэд гурван санал...

Ухаан орсон цагаас минь хойш гэрт минь зузаан хуудастай, хатуу хавтастай ногоон ном байдаг байлаа. Аав минь үе үе номыг сөхөж, хэрэгтэй зүйлсийг тэмдэглэн авдаг байв. 3-р ангид Монгол бичиг орсон цагаас эхлэн ногоон өнгөтэй тэр л ном миний амьдралын чухал хөрөнгө болж ирсэн. Миний ямар номны талаар ярьж байгаа талаар уншигч авхай тааварласан биз ээ. Тэрхүү НОГООН НОМ бол Я.Цэвэл гуайн "Монгол хэлний товч тайлбар толь" болой. Монгол хэлэндээ хайртай хэн бүхний ширээний ном болох уг толь нь манай улсын хэлшинжлэлийн сод-оргил бүтээл гэж би боддог.

2014-05-31

Монгол Википедиад сардаа ганц өгүүлэл!

Шалом!

Нэвтэрхий толь гэж хүмүүсийн мэдлэгийн санд өчүүхэн ч атугай мэдлэг өгч байдаг тул миний бие 2011 оноос Википедиа хэмээх нэгэн их гэрт нэгдэж өгүүлэл орчуулан оруулдаг ажилтай болсон юм.

2014-05-25

Монгол бичиг заахад учир бий шүү, Багш нараа!

Манай найзын дүү өнгөрсөн жил 7-р ангид элсэн суралцлаа. Шинэ шинэ хичээл нэмэгдэж орсны нэг нь МОНГОЛ БИЧИГ. Өнөө жаалхүү чинь Монгол бичгийн хичээлдээ ёстой дургүй. Монгол бичиг гэхээр л сэтгэл санаагаар унаад, хий нь гарсан шаар шиг л болоод өгнө. Ямар учраас вэ?

2014-05-24

Кирил үсэгт шилжээд оюуны байтугай нийгмийн хөгжил НОЛЬ/ТЭГ болов (Миний бодол)

Манай монголчууд түүхэндээ хамгийн их бичиг үсэгтэй явсан улс. Худам Монгол бичиг, Дөрвөлжин бичиг, Соёмбо бичиг, Тод бичиг, Вагиндра бичиг. Түүхэн хөгжлийн явцад эдгээр бичиг үсэг монголчуудын оюуны бадралын охь болж, тусгаар тогтнолын бэлгэдэл болж явсан үе бий. Өдгөө ч үүнийгээ хадгалсаар байна. Гэвч! Цаашид үүнийгээ хадгалж чадах нь уу?

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - X

Тайган нар "Үүр цайх Туулай цаг боллоо" хэмээн харанга дэлдсээр Бор ордны зүг бүрт алхана. Зарлиг тосож авсан тэр өдөр гүнж сайн унтаж чадсангүй. Ураг холбох ноён ямар хүн бол? Хөгшин болов уу, залуу болов уу хэмээн бодсоор үүр цайлгажээ. Гүнж орноосоо өндийж шахайгаа өмсөн орноосоо босоод гэзэг үсээ самнан боолоо.




Өсөж өндийсөн өргөө ордоо сайн гэгч нь ажиглан харж байгаад, судар ном, бичгийн хэрэгслээ цэгцэлж боохоор зэхлээ. Учир нь өнөөдөр гүнж ахай холын холд орших хязгаар нутаг - Халх Монгол руу бэрлэн одох билээ. 

Алтан наран уулсын цаанаас мандаж, алаг дэлхийд ахин шинэ өдөр мэндэллээ. Мандах нартай зэрэгцэн хатан ижий нь өргөөнд морилов. Мөнхүү арваад шивэгчин охид дагуулсан байх агаад шивэгчин бүр том том баадантай зүйлсийг гартаа барьсан байх аж. Гүнж хатан эхдээ ёслоход эх нь түүний духан дээр үнэсээд сандалд суулгав. Тэгээд хатан эхний шивэгчин дуудаж баадантай зүйлийг нээх агаад баадан дотор хаш чулуун сам, толгойн боолтууд байх аж. Хатан гүнжийн гэзэг үсийг задлах агаад тахмай шүргэсэн урт усыг нь самаар самнаж, хоёр хагалаад нарийн дэг жаягийн дагуу сүлжлээ.
 - Миний охин өнөөдөр ноён хүний хатан, мөнхүү Айсин Гиоро овгоос нисэн одож байгаа тул бүх зүйл чинь төгс байх ёстой гэж хэлээд толгойн боолт, хавчаар бүрээр гоё сүлжсэн гэзэг үсгийг нь дээш нь эвхэж тэргүүн юуг нь засах ажээ. Удаах шивэгчинг дуудаж бааданг дэлгэж, гүнжийн зөөлөн булбарай хоёр гарынх ядам болон чигчий хуруунд нь алтан хуруувч зүүж өгөв. Манж хатдын нэгэн гоёл болох алтан хуруувч нь хатан хүний хуруу хумсыг элбэж хамгаалахаас гадна эрх ямба, язгуур угсааг илтгэж өгдөг билэгдлийн шинжтэй эд ажээ.

Энэ мэтчилэн хатан гүнжийг ёслолын байдалтай хувцаслаж, энгийн боловч ихэмсэг төрхөөр оо энгэсэг нүүрэнд нь түрхэв. Хамаг сүүлд нь талд бүрдээ зургаан гардийн алтан цутгамал гоёлтой, оройд нь даль жигүүрээ ихэмсгээр дэлгэсэн гурван гарди шувууны дүрстэй манж ёслолын малгайг гүнжийн тэргүүнд заллаа. Гэвч нэг  зүйл дутаж буй мэт гүнжид санагдах ахул эмэг эхийн гэрээсэлж үлдээсэн алтан луун хээтэй бугуйвчийг гартаа зүүсэн ба алтан ялтаст бичсэн шиг "Эмэг эхийн сүрийг тээх" агуу тушаалыг дагаж буй мэт гүнжид санагдав. Хатан эх нь өдий хүртэл өсгөсөн гүнж нь өнгө алаглам дэлгэрсэн хайтан цэцэг мэт байгааг нь харахдаа охин түүгээрээ ихэд бахдаж, удахгүй ижий миний өврөөс нисээд л одно доо гэж бодоход сэтгэл нь бага зэрэг эмтрэх шиг болох аж. Гэвч түмэн өлзийт хэмээх ураг холбох эл өдөр муу бүхнийг бодож огт болохгүй гэж зүрхэндээ шивнээд охин түүнийхээ өмнөөс инээмсэглэн зогсоно. Бүх зүйл бэлэн болсон боловч ураг холбох бүсгүйн тэргүүнд алчуур бүтээгээгүйг гэнэт анзаарсан гүнж хатан эхдээ
 - Ижий минь, алчуур бүтээхгүй юм уу гэж асуухад
 - Халх Монголд тийм ёсон үгүй тул Кайтун бүтээх шаардлагагүй ээ хэмээн хариуллаа.

Цаг аль хэдийн могой цаг болжээ. Хатан гүнжийг дагуулан бараа  бологч нартайгаа ИХ ЁСЛОЛ гүйцэтгэх Түмэн Наст ордон руу явахаар зэхэв. Гүнж үе үе нөхөр болох эрийг бодож, ямархан хүн байх бол өөрийгөө бага зэрэг түгшүүлэх агаад энэ бүхнийг тайлан мэдсэн юм шиг хатан үе үе гүнжийг тайвшруулах гэж хичээнэ. Хатан эх нь бараа бологчдоо дагуулан Түмэн Наст ордон руу зүглэхэд гүнж шадар шивэгчнээрээ хөтлүүлэн их намбатайгаар эх түүнийхээ хойноос алхах авай.

Хаан эцгийн суудаг орд өргөө гүнж түүний мэлмийд үзэгдэх үест сэтгэл санаа ихэд тавгүйтэх боловч  төрийн ёслолд оролцох гэж байгаагаа нэхэн санаж, мөнхүү өөрийнх нь ураг холбох их өдөр болж буйг зүрхэндээ хэлэн бие сэтгэлээ тайвшруулах гэж хичээнэ. Түмэн наст ордонд дөхөж ирвээс хааны шадар тайган их дуугаар "Их Хатан, түүний гүнж Хошой Хичээнгүй Амарлингуй гүнж өргөөд морилон ирж байна" хэмээн хэлэхэд ордны үүдэнд зогссон тайган шивэгчид нэгэн зэрэг сөгдөж хүндлэв. Гүнж хатан эхийгээ дагасаар ордонд заларлаа. Харцаа доошлуулж, толгойгоо бага зэрэг унжуулан эцэг хааны сэнтийн баруун талд очиж зогсох агаад тэргүүнээ бага зэрэг дээшлүүлж зүүн жигүүр рүү харцаа хандуулбал хүрэн хамбан торгоор урласан дээл хувцастай бүлэг хүмүүс зогсож байх агаад бүгд өндөр биерхүү биетэй хүмүүс байх ажээ.

 - Ёслол эхэллээ гэж шадар тайган их дуугаар хэлэхэд нүргэлэх их бүрээн чимээ хүнгэнэж, орд өргөөнд цуурайтаж эхлэв. Хаан эзэн гараа өргөж их дууг зогсоогоод сэнтийнээсээ босож
 - Түмэн өлзийт энэ өдөр миний бие өөрийн хайртай гүнжийг Халх Монголын жүн ван Дондовдоржтой ураг холбож шижир алтан ясны эв нэгдлийг нийтэд илэрхийлэв. Эртнээс нааш гүнж хүнийг энхийн бэлэг болгож холбоотон ноёдод соёрхдог тул охин түүнийг хатан болгон өгч, зуун хорин улаан авдар бэлэг, зуун адуу, хоёр зуун хонь нэжгээд ямаа, тавин цагаан тэмээг инжний бэлэг болгон соёрхов гэж хэлээд зүүн жигүүрт байх өндөр сайхан нуруутай, тунгалаг царайтай нэгэн их эрийг дуудав. Өнөөх залуу хаан сэнтийн өмнө нь очиж зогсоход гүнж ахайг мөн дуудлаа. Гүнж толгойгоо өргөж тэр залуугийн зүг харваас өндөр нуруутай,  үнэнхүү хангал сайхан эр байх агаад харц нь түүний зүгээс салсангүй хаан эцгийн зүг алхан очлоо. "Энэ хүний хатан болох зурагтай байжээ" хэмээн бодоод сэтгэл дотроо инээлээ.

Хаан эцэг нь охин түүний гарыг чанга атгаж өнөөх залуугийн гарт шилжүүлэн өгөөд улаан өнгийн торгоор ёслон боож бараад "УРАГ ХОЛБОВ" хэмээн чангаар хэлэв. Их бүрээн дуун дахин хүнгэнэж ордноос гадагш цуурайтахад их өргөөний гадаа алтан луун бүжгийг бүжиглэв. Өнөөх эр гүнжийг дагуулан ордноос гарахад зүүн жигүүрт зогсож асан бүлэг хүмүүс ч цуг дагалдан гарлаа. Түмэн Наст ордны дааман хаалган дээр угалзан хээтэй эсгий цагаан сүйх тэрэг байх агаад цагаан зүсмийн адууг хөллөсөн харагдах авай.

Хаан эцэг, хатан эх нь харьд мордуулах их үдэлтийг гүйцэтгэхээр гүнж түүний хойноос алхан байв. Гүнж цагаан сүйхэнд залрахаасаа өмнө эцэг эхийнхээ өмнө очин гурвантаа мөргөж сөгдөхөд хатан эх нь охин түүнийгээ чангаар тэвэрч чихэнд нь "Сайн хатан болоорой" хэмээн хэллээ. Гүнж хаан эцэг, хатан эхдээ:
 - Тэнгэр лугаа өргөгдсөн Луун удамт хааны гэрт төрсөн ч, энэ бие минь өдлөн гүйцсэн учир Гардийн жигүүрээ дэлгэн нисэе дээ, охин нь хэмээн хэлээд дахин ёсолж хүндлээд сүйхэнд залрав. Шадар шивэгчин нь түүнд эмэг эхийнх нь өгч асан торгон баадантай зүйлийг өгөхөд эсгий үүд хаагдаж сүйх тэрэг хөдөлж Бор Ордноос гарахаар одлоо.

Арван ес наслах хүртлээ амьдарсан Бор Ордноо орхин гарах, тэр дундаа дахиж ирэхгүйгээр одож буй гүнж ахайд ихэд хэцүү санагдах авч Халх Монгол хэмээх нэгэн их гэрийн сайхан эртэй ураг холбосон явдал бага ч атугай тайвшруулах авай.  Үй түмэн бараа бологч, мөнхүү гүнж ахайн инжний бэлэг болох зуун хорин авдар бэлгийг жаран атан тэмээнд тэгнүүлсэн тэмээн жин Бор ордны том дааман хаалгаар гарахад дотор газрын эгэл ард дор бүрнээ бөхийж язгуур угсаат "Гүнж Ахайг" хүндлэв.

Гүнж баадантай зүйлийг нээхээр зэхлээ. Торгон даавууг задлан үзвэл цаасан дээр бичсэн нэгэн бичиг байв. Тэрхүү бичгийг уншиж үзвэл:
"Умбал охин минь, чи аль хэдийнээ хаан эцгийнхээ алтан ялтаст зарлигийг тосож авжээ. Өдгөө чи минь улайран үзэгдэх бор ордноос нөхөрт очихоор гарах гэж буй эсвэл гарч яваа биз. Охин минь эмэг эх нь чамайг Монгол түмний өлгий Халх нутагт хатан болгож очуулахыг хүссэн юм. Эмэг эхийнхээ хийж чадаагүй их үйлсийг эх нутаг-Монгол оронд минь бүтээгээрэй"
Тийнхүү уншиж бараад эмэг эхийн үлдээсэн алтан бугуйвч руу харвал алтан лууны нүд нарны туяанд ширчигнэн гялалзах бүлгээ. Баадан доторх зүйл бүрнээ ил болоогүй байх агаад мөнхүү алтан торгоор дахин боосон байх авай. Гүнж удаах боодлыг задалбал модоор сийлж гадуур нь мөнгөөр бүрсэн ботгоны хэлбэртэй жижигхэн тоглоом байлаа. Тоглоомон дээр "ӨРӨВЧ" хэмээн монгол бичгээр сийлсэн байх агаад алтан торгон дээр Хөх Монголын Говь нутаг-Миний нууц хот хэмээн бичсэн байлаа. Гүнж ямар утга учиртайг сайн ойлгосонгүй агаад алтан торгонд мөнгөн ботгыг хийж хумиад хажуудаа талбилаа.

Жууз тэрэг хөдөлснөөс даруй хоёр цаг өнгөрсөн агаад Жан Жиа Көү буюу Жанчхүүгийн давааг давж Хаалган хотод ирсэн байв. Өөрийн баялгаа хамгаалах луу мэт уулан дээр сунаж баригдсан Их Цагаан Хэрэм ихэд сүртэй үзэгдэх агаад Бээжин хотын халуун агаар энэ газарт бага зэрэг буурч даваан дээр тааламжтай сэрүүхэн салхи салхилна. Бээжин хотоос гарч яваа үй түмэн хүмүүсийг хэдэн бээрийн цаана Монголын ИХ ГОВЬ хүлээж байлаа.

Гүнж дахиад л бааданг задлав. Торгон дотроос тугалтай үнээний хэлбэртэй тоглоом гарч ирэв. Тоглоомон дээр мөн л үг байх агаад "ЭЛБЭРЭЛТ" хэмээн сийлсэн байв. Түүнийг боосон хүрэн торгон дээр Тал нутгийн шим ундаа-Миний гайхамшигт эм гэж бичсэн байв. Гүнж урьдынхаараа тоглоомыг торгонд боож хумин хажуудаа тавилаа.

Гүнж бааданг задалсаар гурав дахь торгыг нээлээ. Мөнгөөр цутгасан хурга болон ишигний дүрстэй жижиг тоглоом гарч ирэв. Хоёр тоглоомон дээр "УУЖУУ" хэмээн бичсэн байх агаад торгон дээр "Саруул тэгш тал нутаг-Миний зүрхний БАХДАЛ" гэж бичжээ. Гүнж эдгээр тоглоом, түүн дээр сийлсэн үг болон торгон дээр бичээстэй үгс ямар нэгэн учир холбоотой гэж сэтгэн, ямархан зүйлийг зөгнөн хэлж буйг ухав. Гэвч баадантай бэлэг бүрнээ задраагүй тул дараагийн бааданг задалж үзвэл дотор нь мөнгөн унаган дээр "СЭЦЭН" хэмээн сийлсэн байв. Харин торгон дээр үгс бичээгүй байсан агаад түүний оронд цагаан маалинган даавуун дээр уран хатгамал шаглаж чухаг зүйлийг бичсэн байх ажээ. "Гүрэн Монголын Хөх Тэнгэр-Миний тайвшралын учиг" хэмээн томоор хатгаж түүний доор "Харь нутаг хэцүү санагдаж, хатуу хөтүүг мэдэрвэл эцэг өвгөд минь оршиж байгаа Хөхрөгч Хөх Тэнгэрийг аж. Ажин ажин тайтгараарай охин минь" гэж ихэд урнаар хатгасан байв. "Эмэг эх минь" хэмээн гүнж амандаа аажуухан хэлэхэд хар алаг нүднээс нь халуун нулимс урсав. Сүйх тэрэгний шаа хөшгийг татаж тэнгэрийн хаяаг ажиглавал үнэнхүү сайхан үзэгдэх агаад Бээжин хотын тэнгэрээс эрс ялгаатай байх ажээ. Өөрийн мэдэлгүй уулга алдмаар тийм л Хөх Тэнгэрийг ажвал хатгамал дээрх үг биелэгдэх мэт гүнж ахай тайтгарах авай.

Хааны ордонд төрж өсөөд, гүн ордны нандин сургаалыг сурч, гүрэн улсдаа хүчээ өргөх хүсэл төрж, уг хүсэл нь бие олсон тэр өдрийн тэнгэр их л сайхан үзэгдэж Мөнх Хөх Тэнгэрийн орон руу аажим аажмаар ойртсоор байлаа.

Ураг холбосон өнөөх сайхан залуу гэргийн сүйх рүү үе үе ажиглаж тэрэгний дугуй бүрэн бүтэн, гажаа байгаа эсэхийг нягтлан харж мөнхүү санаа тавин, хэрхэн яриа эхлэх тухайгаа бодож ахул МОНГОЛЫН ИХ ГОВИЙН энгэрт тулан ирлээ.


Хатан хаалга нээвэл  аваал нөхөр нь инээмсэглэн зогсож байлаа. Гурван он уулзаагүй эр нөхөр нь огт өөрчлөгдөөгүй байх агаад харин бага зэрэг намба сууж, сахал ургасан байх авай.
 - Хатан минь сайн сууж байв уу хэмээн мэнд мэдэхэд хатны сэтгэл ихэд хөдлөн нүдэнд нь нулимс цийлгэнэн сөөнгөтөөд
 - Сайн сууж байлаа. Хэзээ ирэх бол хэмээн нүдээ чилтэл таныг хүлээлээ. Тэнгэр бурхан намайг ивээж тантай уулзууллаа гэж хэлэхэд ван хатныг энгэр цээжиндээ тэврээд
 - Өнөө хоёулаа Гүй Хуа Чөнөөс хагацаж, нутагтаа очно оо. Халх нутагтаа очно хэмээн хэллээ. Хатан баярын нулимс унагах ахул эр нөхөр нь түүнийг зөөлөн булбарай гарыг атган Гүнжийн өргөөнд залрав.

Хатан удаан уулзаагүй нөхөртөө гарын цайгаа дээжлэн барьж хоёр гардан өгөөд ширээнд суулаа. Гараараа хайрсан монгол боорцгийг мөн дөхүүлэн өгөв. Ван хатанд хандан:
 - Хэдэн өдрийн өмнө Бээжинд жасаалаад ирлээ. Өвөг эцэг үгүй болсон тул хан орыг залгамжлуулахаар хаан намайг дуудуулсан юм. Тэгэхдээ хатан чиний тухай асуусан юм. Гэвч олигтой хариу өгөөгүй. Бээжингээс хөдлөн нутаг буцах алдад ордноос зарлигийн бичиг ирж Гүнж хатныг нутагтаа аваачиж болно гэсэн зарлиг тосоод шуудхан л ирлээ дээ гэж хэлэхэд хатан инээвхийлэн толгой дохино. Ван цааш үргэлжлүүлэн:
 - Хатан минь эндээс авч явах юмаа бэлд дээ. Удахгүй эндээс хөдөлнө гэж хэлэв.

Вантаныг цайгаа ууж дуустал хатан хүлээж байгаад өргөөндөө очиж дээл хувцсаа шивэгчинтэй хамжиж эмхлэв. Тийн хийж бараад авдраа нээж эхнэр хүний толгойн гоёл, мөнхүү халх монгол эхнэрийн дээлийг гаргаж ирлээ. Манж дээл, толгойн боолтоо задалж Халх эхнэрийн ёсоор хувцаслав. Тэгээд авдран дээр тавиастай мөнгөн хайрцгийг энгэртээ аваад өргөөнөөс гарвал ван аль хэдийнээ сүйх бэлдсэн байх агаад хатныг сүйхэнд залрахыг урилаа. Хатны эд юмсыг цагаан атан тэмээнд ачаад өргөөнөөс хөдлөхийн өмнө Вантан их дуугаар:
 - Би болон Гүнж хатныг дахин ирэх хүртэл Гүй Хуа Чөн дэх Гүнжийн орд өргөөг сахин хамгаалж, ордонд тарьсан ногоо будааг ядуу ардад хишиг болгон тараа хэмээн хэлэхэд орд өргөөний даамал "Жаа" хэмээн хариу өчив.

Холын нүүдэл дахин эхлэлээ. Хааны ордноос нисэн гарсан ихэмсэг эмэг эхийн сүртэй Гарди хэмээх эрхэм цолын эзэн ахай Гүнж гурван оны өмнө бачимдуу байдалтайгаар Гүй Хуа Чөнд ирсэн бол өдгөө эхнэр хүний түшиг болсон нөхөр түүнтэйгээ  ихэд ёс төртэйгөөр эл газрыг орхин одож Хөх Тэнгэрийн орныг зорих ажгуу. Хатан мөнгөн хайрцгийг нээж эмэг эхийнхээ үлдээсэн чухал нандин мөнгөн тоглоомуудыг дахин ажиглаж уртаар санаа алдана. Өвлийн тэнгэрээс цагаан цасан бударч он жилүүдийн уртад мартагнуулсан мэдрэмж бүрийг хөгжөөхөд Гүнж хатны сэтгэл санаа ихэд баярлан зүрхэндээ тээсэн тал нутгийг нэхэн санаж Эмэг эхдээ талархлын залбирал өргөмүй.
Харин Монгол нутаг буюу Хөхрөгч хөх тэнгэрийн орон гүнж хатныг хүлээсээр тал нутгаа энгэртээ тэврэх мэт цэлийх ажгуу.

Хааны ордонд эсэнлэн төрөөд
Хатан эхийн өвөрт өсөж
Хуанхоу эмэгийн сургаалд  хүмүүжсэн
Хамгаас онцгой Гинггүн Элхэ

Төр улсдаа үнэнчээр зүтгэх сэтгэлтэй
Төвшин ухаанаар учрыг шийдэх дадалтай
Дайчин өвгийн сүрийг бадраах хүсэлтэй
Дай Чин Манжу гүрүн и хошой Гүнгжү

Хааны олон гүнж нараас
Сэцэн билгээрээ гайхагдаж
Хан төрийн энэрлийг хүртсэн
Хатан эхийн хайрт охинд
Нэгэн өдөр зарлиг иржээ

Хааны алтан зарлигийг тосож
Хоёргүй сэтгэлээр түүнийг дагаж
Чин төрдөө зүтгэх хүслээ тээсээр
Чанга хатуу хуулийг ёсолжээ

Харь нутгийн зовлонг
Хараахан мэдрээгүй гүнж 
Хойд зүгийн хөх тэнгэрт
Хонгор сэтгэлээ даатгаж
Хайрт эмэгийн захиас
Халамжит ижийн хүсэл
Хан төрийн тушаалыг
Халуун цээжиндээ сийлэн 
Харь нутагт ёслон оджээ

Гарди шувууны нэгэн дэвэлтээр
Луугийн удмаас нисэн гарч
Гадаах тэнгэрт дүүлэн нисээд
Мөнх тэнгэрийн орон лугаа нисэн одов


Арван долоо дугаар жарны "Тийн Ялгуулсан" хэмээгч Усан Могой жилийн Өвлийн адаг сарын битүүний өдөр "Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг"-ийг бичиж дуусгавай. 


"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - IX

Өвлийн тэргүүн сар гараад хүйтэн агаар өргөн дэлхийг бүрхэж, цагаан цасан тэнгэрээс бударна. Гүй Хуа Чөн өнгөө сольжээ. Асар өргөөг халуун илчээр галлах агаад тэрхүү халуун илч бүхий л өргөөг дулаалцуулна.

"Гүнж Хатан" - Тэнгэрт бүжих Гарди шувуу хэмээх Тэргүүн бүлэг - VIII

Гүнж ахай дөхөж очоод хаан эзний амрыг эрэн хүндлэж ёслоод ширээнд суулаа. Цаасан цонхны цаанаас нарны туяа бүдэгхэн тусах бөгөөд өргөө орд багахан харанхуй байх аж. Гоё модон ширээн дээр хятад шатар тавиастай байх агаад мөн урт нарийн улаан өнгөтэй лааг асааж тавьсан байх ажээ. Удалгүй нэгэн тайган халуун цайг ширээнд барив.