2014-06-05

Толь бичгийн тухай хэд гурван санал...

Ухаан орсон цагаас минь хойш гэрт минь зузаан хуудастай, хатуу хавтастай ногоон ном байдаг байлаа. Аав минь үе үе номыг сөхөж, хэрэгтэй зүйлсийг тэмдэглэн авдаг байв. 3-р ангид Монгол бичиг орсон цагаас эхлэн ногоон өнгөтэй тэр л ном миний амьдралын чухал хөрөнгө болж ирсэн. Миний ямар номны талаар ярьж байгаа талаар уншигч авхай тааварласан биз ээ. Тэрхүү НОГООН НОМ бол Я.Цэвэл гуайн "Монгол хэлний товч тайлбар толь" болой. Монгол хэлэндээ хайртай хэн бүхний ширээний ном болох уг толь нь манай улсын хэлшинжлэлийн сод-оргил бүтээл гэж би боддог.



Тавхан сарын өмнө уг толийн нэмж дэлгэрүүлсэн хоёр дахь хэвлэл нээлтээ хийсэн билээ. Я.Цэвэл гуайн хүү Ц.Шагдарсүрэн аав түүнийхээ 110 жилийн ойд зориулан барьсан эл толь ёстой л нэмж дэлгэрүүлсэн нэрэндээ таарсан чанартай сайн бүтээл болсон шиг санагдсан. Нээлтийн арга хэмжээнд очиж нэг хувийг өөртөө зориулан авсандаа би ихэд олзуурхаж сууна.
Монгол Үгийн цэцэрлэгээр аялахыг хүсвэл энэ л толийг авч хэрэглэх нь зүйтэй. МУБИС-аас гаргасан тэр хэдэн боть тольны хажууд хамаагүй их үгийн сантай, тайлбар зүйлт нь ч чанартай нь ажиглагдсан.

Энгийн жишээ: Авьсан гэж юу гэсэн вэ? Нөгөө нэг сайн, чанартай хэмээн зарлаад, бүх нийтээрээ авч хэрэглэ хэмээн шуугиад байсан МУБИС-н толинд уг үг алга аа. Аавын хэрэглэдэг хуучин Ногоон Тольд харин тайлбар нь байж байлаа. Авьсан гэдэг нь Ах дүү хоёрын ахтай нь ханилсан бүсгүй нь дүүтэй нь суусан бүсгүйн хувьд авьсан нь болно.  Авьсан ажин гэвэл ах дүү хоёртой суусан хоёр бүсгүй биесээ ийнхүү дууддаг ажээ.

Монгол хэлний дүрэм журам төгс болоогүй өнөө үед аль дүрмээ дагах нь байтугай нэг үгийг аль хувилбараар нь бичих нь ч асуудалтай. Манай улсын ШУА-н Хэл зохиолын хүрээлэнгээс ч баталсан дорвитойхон шийдвэр байхгүй нь нэн харамсалтай.

Харин миний бодол юу гэвэл "Толь бичгийн хувьд Я.Цэвэл гуайн "Ногоон толь"-оо дагаж, бичгийн хэлний дүрмийн хувьд монгол бичгээ дагасан нь хамаагүй илүү" хэмээн санана.

Хятад улсад хэл бичгийн дүрэм нь нэн цэгцтэй агаад, тогтвортой хэлзүйн дүрэмтэй учир өөрчлөгдөж, толгой эргүүлээд байдаггүй. Гэвч энэхүү дүрэм нь хэзээ бий болсон гэж бодож байна? Дөнгөж ХХ зууны эхэн хагаст. Түүнээс өмнө хятадуудын бичгийн хэл нь ярианы хэлнээс нь эрс өөр байсан юм. Вэн Ян хэмээх сонгодог хятад хэлээр бүхий л албан бичгээ хөтөлдөг байсан учир ойлгоход дэндүү бэрх. Тэр байтугай шүлэг, дуу, зохиол гээд л бичгийн хэлний бүхий л зүйлс Вэн Янгаар бичигдэж байв. Яагаад ойлгоход бэрх хэмээвээс "Урьд цагт дотор газар нэг ханзаар нэлээн хэдэн утгыг илтгэдэг байв. Өгүүлбэрт хэрхэн орж байгаагаас шалтгаалан уг ханзны утга ил гарч ирдэг байсан учир хэр баргийн хүн утгыг гүн ойлгож чаддаггүй байлаа." Харин Лу Шүнь хэмээх бичгийн хүн анх удаагаа Бай Хуа буюу ярианы хэлээр зохиолоо бичиж эхлэснээр одоогийн хятад хэлний дүрэм, бичгийн хэлбэр үүсэж бий болсон түүхтэй.

Гэвч хятадууд цаанаа л нэг бодолтой улс учир өдгөө хүртэл Вэн Янгаа орхилгүй бага сургуулиас, ахлах сургууль хүртэл  Хэл бичгийн хичээл дээр заавал ордог.  Гэвч шүлэг, зохиолоос хамаг ихдээ хориодыг л ордог учир түм буман хан үндэстэн нийтээрээ ойлгож ухварлах нь юу л бол.  Хэдий тийм боловч Вэн Янд эртний, дундад эртний, дундад үеийн, ойрхи мөн орчин үеийн хятад хэлний дархлаа гэх Морфологи буюу хэлбэр судлалын нэн чухал зүйлс хадгалагдан оршдог болно.

5000 жилийн түүхтэй хятадын соёлын нэгээхэн хэсэг болсон Ханз үсгийн соёлын дурсгал нь тоолж баршгүй их. Гэвч хятадууд тэдгээрийгээ судалж эмхлээд Эртний хятад хэлний толь, Сонгодог хятад хэлний үсгийн толь, Сонгодог хятад хэлний өгүүлбэрзүйн толь зэрэг өнөө үе болон хойч үедээ хэрэгтэй чухал толь бичгийг гаргасан байдаг. Адаглаад л тэр толиуд нь Мин болон Манж Чингийн үед бичигдсэн зарлиг, тогтоолуудыг нарийвчлан тайлж унших үед хэрэг болох жишээний...

Хөтлөгч миний бие дээрх зүйлсийг нуршин бичсэний учир юу гэвэл манай улсад үүнтэй адил чухал нандин толь бичгүүд хэрэгтэй байгаа учраас тэр юм. Манай хэлний эрхэм эрдэмтэд минь МНТ-г хятад эхээс болон төвдөөс саяхан олдсон монгол эхээс хөрвүүлж буулган нарийн нандин үгс бүрийг түүн, тайлбарлаж цэгцлэн толь бичиг хийх хэрэгтэй байна.

Мөнхүү Халх товчоон, Халх журам, Хөх судрыг нэгд нэгэнгүй судлан өнөө үеийн бидэнд утга нь үл ойлгогдох үгсийн утгийг тайлж өгвөл ирээдүй үедээ машид эрхэм нандин өв үлдээж буй хэрэг мөн. Басхүү цаашлан монгол бичгээр бичигдсэн ном судрыг судлах эрхэм үйлсэд хүчээ нэгтгэн судлаваас Монгол хэлний хөгжлийг даруй хэдэн арван шатаар урагшлуулж байгаа хэрэг бөгөөд  хэрэглээнд оруулвал зохилтой үгсийг түүх нь нэн чухал юм.
Тод бичгээр бичигдсэн судрыг уншиж судлах нь ч зүйтэй. Гэсэр болон Жангар, Хан Харангуй зэрэг туульсийг судлаж үгсийн сангийн бааз үүсгэх ажилд идэвхийлэн орох хэрэгтэй байна даа хэмээн өчүүхэн хөтлөгч миний бие мунхаглана.

Чихний чимэг болсон аялгуут сайхан Монгол Хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ... 
Б.Ринчен

No comments:

Post a Comment