2014-04-16

Хазара-Монгол дүүгээс нь "Хайртай гэж хэлж өгөөч"

Хан тэнгэрт дүүлэн нисэх
Хөх шувуу чамд би 
Хүсэл юугаан шивнэж хэлье
Хүргэж өгөөрэй үгсийг минь


Холын уудмаас тасран гарсаан
Хонгор нутгаа санан мөрөөдсөн
Гав ганцаар үлдсэн мэт санагдсан
Гайхалтай нь надад найдвар бий

Эцэг өвгөд минь шивнэж хэлсэн
Эвий минь гэж мартуулахгүй гэсэндээ
Өдий балчираас минь захиж хэлсэн
Өлгий нутаг минь байгааг хэлсэн

Алаг махны минь тасархай
Ахан дүүс минь байдаг гэсэн
Алтан дэлэхэйн сайхан нутагт
Аж төрж суудаг гэлцсэн

Оюу биндэрьяан тал нутагт
Олуулаа цугаар суудаг гэсэн
Ариун цагаан сүүн умдаагаар
Алсын гийчдийг зочилдог гэсэн

Зовлон зүдгүүр дунд төрсөн ч 
Зориж тэмүүлэх нутаг бий, надад
Зориод очиход тосоод авах
Зоригт дайчин ах нар бий 

Мянган морьтны хойч юм би
Нандин бүсгүйн удам юм би
Монгол угсаат толботой юм би
Намайг л гэсэн хүмүүс бий

Уртын сайхан дуутай
Ур ухаан нь машид уран
Уужим тал шигээ сэтгэлтэй
Ухаант эгч нар надад бий

Хэцүү бэрх нутагт бид суудаг
Хэн бэ гэдгээ үргэлж нуудаг
Угсаа сайтай удамтай ч гэлээ
Урьдынх шиг сайхан байхаа больсоон дүү нь

Угсаа минь бидний дайсан болсон
Ухаан зарж нуух болсон
Удаан нууж чадахгүйгээ мэдсэн
Уйлсаар байна даа дүү нь 

Зарлиг тосож хүлээ гэсэн
Жам ёсоор гүйцэтгэн хүлээсэн
Найман зуун харвах сум мэт
Нэг л мэдэхэд өнгөрчээ

Хаан эзэнтэй ирнэ гэсэн
Хамаг бүхнээ баран байж хүлээсэн
Хайртай хүмүүс минь ирнэ гэсэн
Халуун зүрхний угаасаа хүлээсэн шүү

Олон жил өнгөрсөн ч гэлээ
Одоо ч бид та нартаа хайртай
Халуун зүрх минь төрөлх зөнгөөрөө
Хайртай эх орноо 
Хайрт ах дүүс та нарыгаа
Харийн нутгаас хайрласаар байна

Хөх тэнгэрийн жигүүртэн минь
Хөөрхий миний хүсэл бүрийг минь
Хөдөө тал дахь ах, эгч нарт минь
Хамаг чадлаараа дуулгаарай
Хамгийн нандин ганц л үгийг минь
Хамгаас илүү чухалчлан хэлээрэй
Хазара-Монгол охин дүүгээс нь 
Хайртай гэж хэлж өгөөч

Монгол улс, Улаанбаатар хот, 2014 оны 4 сар

No comments:

Post a Comment